logo
7,14 хороололд 2592 айлын орон сууц баригдана

7,14 хороололд 2592 айлын орон сууц баригдана

2013/07/05
Барилга, хот байгуулалтын яамны “Улаанбаатар хотын 7,14, МҮОНРТ-ийн орчмын хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн хүрээнд баригдах 2592 айлын 36 барилгын ажлын явц байдал,  инженерийн шугам сүлжээтэй сайд  Ц.Баярсайхан танилцлаа.

Орон сууцны 14 хороололд энэ жил 430,  ирэх жил 282 айлын орон сууц ашиглалтанд орох юм. Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн  хүрээнд "Цагаан хуаран" компани 23-45 метр кв бүхий 1-2 өрөө байр барьж байна.

Энэ намар ашиглалтанд орох орон сууцнуудыг 8 хувийн зээлд хамруулах бүрэн боломжтой гэж танилцуулж байв.

Харин 7 хороололд 1800 айлын орон сууц баригдана. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр дээрхи хоёр хороололд нийт  2592 айлын орон сууц баригдах юм.

Төслийн хүрээнд орон сууцны барилгуудаас гадна 7 хороолол, МҮОНРТ орчмын хорооллын инженерийн шугам тавих ажил хийгдэж байгаа. Зарим иргэн, аж ахуйн нэгж газар чөлөөлөөгүйн улмаас инженерийн шугам сүлжээ тавих ажил удааширч байгааг төслийн багийнхан сайдад танилцуулж байв.

Тухайлбал 7 хороололд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргасан зургийн дагуу өнгөрсөн сарын 21 нд  2,89 км дулааны шугам татах ажил эхэлжээ. Шаардлагатай материалаа татаж ажил үргэлжлүүлэхэд бэлэн ч 59 нэгж талбарын газар чөлөөлөлтөөс болж уг ажил саатахад хүрээд байна.

Цэвэр бохир усны шугам тавих ажил газар чөлөөлөлтөөс шалтгаалж саатаад буй тул эдгээр хорооллын ажлыг урагшуулахаар нийслэлийн удирдлагуудтай уулзаж ярилцахаар боллоо.

“Улаанбаатар хотын 7,14, МҮОНРТ-ийн орчмын хорооллын орон сууц, дэд бүтцийн төсөл”-ийн нэг багц ажил болох  7 хороолол, МҮОНРТ орчмын хорооллыг цахилгааны эх үүсвэрээр хангах дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугмын ажилтай  сайд Ц.Баярсайхан мөн  танилцав.

220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцын өргөтгөл 20 хувьтай, Улаанбаатар дэд станцаас 7 хороолол дэд станц хүртэл 14,9 км 110 кВ-ын ЦДАШ-ын барилга угсралтын ажил 50 хувь,  110/35/10 кВ-ын Радио телевизийн дэд станцын барилга угсралтын ажил 20 хувьтай байна.

Иргэдийг 8 хувийн хүүтэй зээлд хамруулах хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр орон сууцны эрэлт хэрэгцээ эрс өслөө. Тиймээс орон сууцны нийлүүлэлтийг дэмжих, орон сууц барьж байгаа компаниудад дэмжлэг үзүүлэх бодлогыг яамнаас баримталж байгаа.

Буянт Ухаа, 7, 14 хорооллуудын барилга чанартайн дээр, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн барилга байх юм. Үндэсний компаниуд нэгдэж барьж буй Буянт Ухаа хороолол 1 сая төгрөг дотор метр кв-ын үнээ тогтоох бол  7,14 хорооллын барилга  1,500 мянган төгрөгөөс дотогш үнэтэй байна.

Үнэ чанарын хувьд иргэдэд нийцсэн орон сууц барих компаниудад л Засгийн газрын дэмжлэг цаашид очих болно гэдгийг салбарын сайд хэллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш