Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгон хөгжүүлэх зорилгоор “Ногоон соёл иргэншил” үзэл баримтлал, хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор тусгасан юм байна. Тиймээс дээрх зорилтоо хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” гэсэн хоёр баримт бичиг боловсруулснаа ийнхүү өргөн барьж байна гэдгийг сайд С.Оюун хэллээ.
Ногоон хөгжлийн бодлогыг улсын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлснээр байгалийн нөөц баялгийг илүү зохистой удирдан улсынхаа эдийн засгийг өсгөх, ядуурлыг бууруулахад шууд болон шууд бусаар нөлөөлнө гэж салбарын сайд мөн үзэж байна. Түүнчлэн Ногоон хөгжлийн үзэл баримтлалд өнөөгийн нөхцөл байдал, боломж, давуу талд түшиглэсэн бодлогын зорилго, зорилтуудыг 2030 он хүртэл тодорхойлж, харин Дунд хугацааны хөтөлбөрт эдгээр зорилтыг хангах зорилгоор 2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бодлогын болон эдийн засгийн арга хэрэгслийг тодорхойлон тусгасан гэж парламентын тэргүүнд мэдэгдлээ.
Тодруулбал, иргэдийг өргөн хэрэглээний хүнс бараа, бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын түүхий эд, нөөцийг боловсруулах үндэсний үйлдвэрлэлээр хангах ашигт малтмалын бус эдийн засгийн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, ус хангамж, ариун цэврийн болон байгальд халгүй эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг дэд бүтцийн хангамжийг эрс сайжруулна. Эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй хөдөө аж ахуйг хөгжүүлснээр ногоон эдийн засагт шилжих ажлын байр нэмэгдүүлэх боломжтой болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.