logo
Баяр наадмын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар болов

Баяр наадмын тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар болов

2013/07/09
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн хоригийг өмнө нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм.

   УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Б.Болор нарын зэрэг гишүүдийн санаачлан өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ энэ сарын 5-ны өдөр баталсан юм. Уг хууль батлагдсанаар улсын баяр наадамд 1024 бөх барилдсан тохиолдолд улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө түүнд улсын аварга цол олгож, улмаар арав давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, мөн найм давж гурван удаа үзүүрлэсэн бөхөд улсын арслан, улсын баяр наадамд түрүүлсэн арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгох, түүнчлэн улсын далай аварга цолыг хасахаар болоод байсан юм.

   Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний их баяр наадмын тухай хуулийг олон улсын жишиг, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан нийт ард иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, мэргэжлийн байгууллагуудын саналыг авч, өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж УИХ-аас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан байна. Энэ тухай танилцуулгыг Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.

   Танилцуулгатай холбогдуулан гишүүн Л.Цог Ерөнхийлөгчийн тавьсан хоригт үндэсний баяр наадмын тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэх гэдгийг хэрхэн ойлгох учиртайг тодруулахад Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх “Монгол наадам нь хэдийгээр үндэсний уламжлалт спорт боловч аварга цолыг үнэлэх шалгуур жишиг нь дэлхий нийтийн жишигтэй дүйж байх ёстой. Нөгөө талаар хуулийн энэхүү өөрчлөлтөд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа, мөн энэ чиглэлийн мэргэжлийн байгууллагын саналыг аваагүй нь учир дутагдалтай байна. Иймээс ганц хоёр заалтыг өөрчлөх нь оновчтой биш, харин олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж өргөн хүрээнд шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж Ерөнхийлөгч хуульд бүхэлд нь хориг тавьсан” гэдгийг хэллээ.

   Мөн гишүүн Р.Гончигдорж хуульд өөрчлөлт оруулах асуудлыг олон нийтээр хэлэлцүүлсний үндсэн дээр томоохон өөрчлөлт оруулах асуудлыг авч үзэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн Ерөнхийлөгч хориг тавьсан тул хоригийг хүлээж аваад зайлшгүй олон нийтээр хэлэлцүүлж санаа бодлыг нь авах тэр зүйл заалтуудыг нь хүчингүй болгоод хүмүүс тэр бүр шүүмжлэхгүй байгаа хэсгийг нь хүчинтэй хэвээр үлдээж болно гэж ойлгож болох эсэхийг тодруулахад Ч.Өнөрбаяр зөвлөх “Хоригийг хүлээж авсан нөхцөлд цаашдын зохицуулалтыг яаж шийдэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал” гэсэн хариулт өгөв.



 

    Хоригийг хүлээж авах эсэхтэй холбогдуулан үг хэлсэн гишүүн Д.Эрдэнэбат “Үндэсний наадгай нь спорт биш, харин эр зориг, авхаалж самбааг уламжлан хадгалж ирсэн уламжлалт наадам. Иймээс үүнийг хуульчилдаг нь буруу гэж үздэгээ дахин хэлмээр байна, байнгын хороон дээр би урьд нь ч ийм байр сууриа илэрхийлж байсан. Ер нь үндэсний наадмын тусгай статус олгох, хуулиар зохицуулдагаа больж асуудлаа хэрхэн шийдэх эрхийг мэргэжлийн холбоодод нь өгөх нь зүйтэй юм” гэлээ. Мөн гишүүн Ж.Батзандан ч мэргэжлийн хүмүүсээс нь асууж, иргэдийнхээ үгийг сонсох нь зөв, ер нь уламжлалыг хуулиар шийдэх гэж оролдохоо болих хэрэгтэй гэсэн юм. Харин гишүүн Р.Гончигдорж хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналтай байна гэдгээ хэлээд гэхдээ олон нийт шүүмжлэхгүй, дэмжиж байгаа “далай аварга” цолыг үлдээгээд хуулийн бусад зүйл заалтыг хүчингүй болгох боломж дэгийн хуулийн дагуу байна, хэрэв хоригийг хүлээн авсан тохиолдолд байнгын хороо дэгийн тухай хуулийн 31.8, 31.9 дэх хэсгийн дагуу хуулийн шинэ зохицуулалтыг хийх боломжтой гэж үзэж буйгаа хэллээ.

   Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрье гэсэн томъёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Мөн Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцохоор болов.

  Харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсөн бол хууль, УИХ-ын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгож, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно”, мөн хуулийн 31.9 дэх хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, УИХ-ын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй” гэж заасан байдаг. Иймээс гишүүн Р.Гончигдорж Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр зүйлтэй хуулийн төсөл санаачилж буйгаа гишүүдэд танилцуулсан юм. Уг төсөлд Үндэсний баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7 дахь хэсэг буюу “далай аварга” гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцох, уг хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр тусгажээ. Гэвч байнгын хорооны гишүүдийн зарим нь Ерөнхийлөгч хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд бүхэлд нь хориг тавьсан учраас зарим нэг заалтыг дахин оруулж ирж батлуулах гэх нь зохимжгүй гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв. Ингээд Р.Гончигдорж гишүүний санаачилсан энэхүү хуулийн төслийг дэмжих санал хураалгахад байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй гэж УИХ-ын Хэвлэл мэлээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш