logo
“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2013/07/09

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2013-07-08/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун танилцууллаа.

 Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох”, ногоон хөгжлийн үндсийг бүрдүүлэн Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, загваруудыг бий болгохоор заасныг үндэслэн тогтоолын төслийг боловсруулсан байна. Ногоон хөгжлийн үзэл баримтлалд Уур амьсгалд зохицсон хөгжил, Ногоон эдийн засаг ба санхүүжилт, Ажил, орлоготой ард иргэд бүхий тэгш нийгэм, Соёл ба өв, Тогтвортой хөгжилд хүрэх засаглал гэсэн таван үндсэн чиглэлээр найман зорилго бүхий 39 зорилтыг тусгажээ. 2020 он хүртэл түүнийг хэрэгжүүлэх бодлогын болон үйл ажиллагааны чиглэлийг Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөрт тодорхойлсон байна. Энэхүү хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон нүүрстөрөгч багатай хөгжлийн эхлэлийг тавьж, эрчим хүчний хангамжид сэргээгдэх эх үүсвэрийн эзлэх хувийг нэмэгдүүлэх, дотоодын түүхий эд, нөөцийг боловсруулах болон ашигт малтмалын бус эдийн засгийг салбарыг төрөлжүүлэн хөгжүүлж, ус хангамж, ариун цэврийн болон байгальд халгүй, нөөцийн үр ашигтай эрчим хүч, зам тээвэр, барилга зэрэг дэд бүтцийн хангамжид оруулахад ногоон хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр байгаль орчинд халтай бараа, үйлчилгээний үйлдвэрлэл, хэрэглээг бууруулах зорилт, үйл ажиллагаа, зах зээлийн зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн иргэд боловсрол, ур чадвараа дээшлүүлэн амьдралын чанараа сайжруулах ижил тэгш боломжийг бүрдүүлэх, ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх салбар дундын уялдаа, зохицуулалтыг сайжруулах засаглалыг бэхжүүлэх, түүх соёлыг хадгалан хамгаалах, байгалийн эмзэг тогтоц, хөдөө аж ахуйн онцгой ач холбогдолтой газар нутгийн хамгаалалт бүхий экологийн цэвэр үйлдвэрлэлийг дэмжсэн ногоон хөгжил бүхий газар, нутгийн хөгжлийг бий болгох бодлогыг мөн хамруулжээ.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, А.Бакей гишүүн, үзэл баримтлал, хөтөлбөр гэсэн хоёр янзын баримт бичиг байна. Ер нь өнгөрсөн хугацаанд хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт олон хөтөлбөр боловсрогдож гарсан. Гэсэн ч дийлэнх нь хэрэгжихгүй үлддэг. Хэлбэрийн хувьд тус тусдаа байх уу, эсвэл нэгтгээд явсан нь оновчтой юу. Мөн Байнгын хороон дээр боловсруулсан Ажлын хэсгийн баримт бичгийг нэгтгээд нэг цогц салбарын томоохон баримт бичиг гаргавал яасан юм бэ гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн бол Л.Энх-Амгалан гишүүн, энэ асуудлыг зөвхөн Байгаль орчин, хүнс,хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэх бус ногоон хөгжилгүй эдийн засаг гэж байхгүй учраас Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байлаа. Мөн тэрээр, өнөөдөр цэвэр усны нөөц гээд ярихаар Хөвсгөл далай Монгол Улсын цэвэр усны нөөцийн 40-60 хувийг эзэлдэг, гэтэл Дархадын хотгор нь цөлжчихсөн, Хөвсгөл нуур нь бохирдлын түвшинд хүрчихсэн байгаа. Иймд энэ гол газруудыг хамгаалах, тэдний хууль эрх зүйн асуудлыг тодорхой болгоход анхаарах зайлшгүй шаардлагатай байна гээд улсын хөгжлийг ногоон чиг хандлагатай болгон шийдвэрлэх олон асуудал байгааг хөндөв.

Г.Баярсайхан гишүүн, хүн төрөлхтөн байгаль орчинд хандаж байгаа эрчээрээ цаашид явбал хүн өөрөө өөрийгөө устгах зам уруу орно. Өнөөдөр Монгол Улс дэлхийд хамгийн асар баялагтай эхний 10 улсын тоонд орж байна. Иймд хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих асуудлыг хэлэлцээд явах нь зүйтэй. Оруулж ирсэн асуудалд анхаарах асуудлууд байна. Асуудлыг их зузаан хуудастай биш товч тодорхой оруулж ирэх хэрэгтэй гэдгийг анхааруулж байсан юм. Энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороотой хамтраад хэлэлцээд явах нь зүйтэй гэдгийг мөн тэрээр дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингээд тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Үүний дараа Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар шийдвэрлэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш