logo
Улсын Их Хурлын 2014 оны Төсвийн төслийн танилцуулгыг сонслоо

Улсын Их Хурлын 2014 оны Төсвийн төслийн танилцуулгыг сонслоо

2013/07/09

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2013.07.08/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2014 оны Төсвийн төсөл, Монгол Улсын Их Хурлын 2014 оны Төсвийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах ажлын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг танилцууллаа.
Тэрээр мэдээлэлдээ Улсын Их Хурлын 2014 оны төсвийн төслийг дараах байдлаар тооцоолсныг танилцуулав. Үүнд :

1.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр тооцож 8687.1 сая төгрөгөөр тусгав.

2.Улсын Их Хурлын Байнгын хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээс өөрийн төсөвтэй холбоотой ирүүлсэн саналыг төсвийн төсөлд тусгав. 2013 оны төсвөөс Улсын Их Хурлын нэг байнгын хорооны төсөв дунджаар 8.9 сая төгрөгөөр өсөхөөр тооцогдсон болно.

3. Улсын Их Хурлын Тамгын газрын болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнуудын цалин хөлс, унаа, хоолны хөнгөлөлтийн зардлыг 2013 оны түвшинд буюу 8191.7сая төгрөг байхаар тооцов.

4. Монгол улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болон яам агентлагаас гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актыг 7 хоног тутам хэвлэн нийтэлдэг Төрийн мэдээлэл эмхэтгэлийг үнэ төлбөргүй хэвлэх, түгээхээр тооцож энэ зардалд 241.0 сая төгрөг төсөвлөв.

5. Байгууллага иргэдээр захиалгат судалгаа шинжилгээ хийлгэх шаардлагыг харгалзан мэдээлэл сурталчилгааны зардлыг 2013 оныхоос 358.7 сая төгрөгөөр нэмэгдүүлж 3613.1 сая төгрөгөөр тооцов.

6.Төрийн мэдээлэл эмхтгэлийг үнэ төлбөргүй хэвлэх, түгээхтэй холбогдуулан борлуулалтын орлого 100.0 сая төгрөгийг 2014 оноос эхлэн хасахаар төсвийн хязгаарын төсөлд тусгав.

7.Улсын Их Хурлын гадаад харилцааг харилцаа өргөжиж байгаа болон вальютын ханшны өсөлттэй уялдуулан гадаад арга хэмжээ, гадаад зочны зардлыг 2013 оны түвшнээс тус тус 100.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж тооцов.

Хөрөнгө оруулалтын 2014 оны төсвийн төслийн хувьд засгийн газраас Төсвийн хязгаар баталж ирүүлээгүй тул УИХ-аас Сангийн яаманд хүргүүлсэн 2014 оны төсвийн хязгаарын саналын түвшинд байхаар тооцсон болно. Үүнд:

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны болон байнгын хороодын хуралдааны танхимуудын камерын болон санал хураалт, микрофоны системийг шинээр авч тавих, шинэчлэх зардалд шаардагдах хөрөнгийг 2555.0 сая төгрөгөөр тооцов.

Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаанд шинээр авч ашиглах програм хангамж цахим хуудас, техник хэрэгсэлд шаардагдах хөрөнгийг 67.0 сая төгрөгөөр тооцож тусгав.

АБГББХорооны гишүүдэд компьютерын хаалттай дотоод сүлжээ шинээр үүсгэх зардлыг 50.0 сая төгрөг өөр тооцов.

Хуралдааны танхимуудад явагдаж байгаа хуралдааныг дотоод сүлжээгээр шууд дамжуулах 5 суваг, эфрийн 5 суваг нийт 10 суваг бүхий жижиг студи байгуулах зардлыг 65.0 сая төгрөгөөр тооцож тусгав.

Ажилтнуудын бялдаржуулах танхимын техник хэрэгслийг сайжруулах, шинэчлэх шаардлагыг харгалзан зарим техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах зардлыг 70.0 сая төгрөгөөр тооцож тусгав.

Улсын Их Хурлын гишүүдийн албан конторын тавилгыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж 500.0 сая төгрөг төсвийн төсөлд тусгав.

УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын орон сууцны дэмжлэгт зориулан 240.0 сая төгрөг тусгасан болно.

Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах 2014 оны төсвийн төслийн нийт зардлын хэмжээг 22411.1 сая төгрөгөөр, үүнээс урсгал төсвийн төслийг 18553.3 сая төгрөгөөр, хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх төсвийн хүрээний төслийг 3857.8 сая төгрөгөөр тооцов.

2013 оны батлагдсан төсвөөс урсгал төсвийн төсөл 927.6 сая төгрөгөөр буюу 4.6 хувиар, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл 3404.6 сая төгрөгөөр буюу 8.2 дахин нэмэгдэхээр байгаа болно.

Улсын Их Хурлын 2014 оны төсвийн төсөлд УИХ-ын гишүүний төсөв 46.8.хувь, Байнгын хорооны төсөв 2.4 хувь, нийтлэг үйл ажиллагааны төсөв 17.0 хувь, УИХ дахь нам эвслийн бүлгийн төсөв 4.5хувь, Тамгын газрын төсөв 28.1хувийг тус тус эзлэхээр байгаа болно.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-н гишүүн Д. Дэмбэрэл Ц. Даваасүрэн Я. Санжмятав нар асуулт тавин, УИХ-н гишүүн М. Зоригт Л. Эрдэнэчимэг Ц. Оюунбаатар С. Баярцогт Д. Дэмбэрэл Сангийн яамны сайд Ч. Улаан нар санал дэвшүүллээ.

УИХ-н гишүүн Д. Дэмбэрэл цалин хөлсний асуудлыг Засгийн газар, Сангийн яам бодож байгаа эсэх талаар сонирхсон бол УИХ-н гишүүн Я. Санжмятав орон нутагт ажиллаж буй гишүүдийн бие төлөөлөгчид зориулан өрөө гаргаж иргэдийг хүлээн авдаг болгох тал дээр юу хийж байгаа талаар сонирхлоо. Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ цалин өнгөрсөн оны төсвөөр явж байгаа, нэмэх асуудал одоохондоо яригдаж шийдэгдээгүй, харин бие төлөөлөгчдийн хувьд тус орон нутгийн тамгын газар өөрсдийн эрх зүйн хүрээнд шийдэх боломжтой боловч, одоогоор ганц ч аймаг сумдад бие төлөөлөгчид зориулсан өрөө байхгүй байгаа. Энэ талаар цаашид бодолцож ажиллахаа мэдэгдсэн юм.

Гишүүдийн саналын хувьд УИХ-н гишүүний томилолтын зардлыг нэмэх, одоо төсөвлөсөн мөнгө 17 хоногоор ганц томилолоор явахад хүрдэг гэж байгаа бол бие төлөөлөгчдийн хувьд хүрэлцээ муутай байгаа учраас нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлсэн юм. Бие төлөөлөгчдийн тал дээр С. Баярцогт гишүүний санал болгосон жагсаалтаар гарч ирсэн 24 гишүүний 2 бие төлөөлөгчийг хасан үлдсэн 48 гишүүн дээр хувиарлан томилох асуудал Эрдэнэбат гишүүний дургүйцлийг төрүүлсэн юм. Тэрээр тойрог жагсаалт гэж ялгаварлах нь буруу гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ц. Оюунбаатар гишүүний санал болгосноор Төрийн ордны өрөө танхимын хүрэлцээ муу байгаа талаар бодолцох, бялдаржуулах танхим нээх шаардлага байхгүй, нээснээр олон нийтийн хэл ам болно гэдгийг хэллээ.

Дараа нь Төсвийн шинжилгээний албаны орон тоо бүрдүүлэх талаар Төсвийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот тогтоолоор өгсөн үүргийг хэрэгжүүлэх талаар хийж байгаа ажил болон Төсвийн шинжилгээний хэсгийн эхний 6 сарын төсвийн зарцуулалтын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар танилцуулга хийлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш