Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ганболд 7 дугаар сарын 4-ний өдөр БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Гил Ен тэргүүтэй хүмүүст хүндэтгэлийн зоог барив.
Элчин сайд М.Ганболд хэлсэн үгэндээ, энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, солонгосын ард түмний их удирдагч Ким Ир Сен Монгол Улсад айлчилсны 25 жилийн ой тохиож байгааг онцлов.
Дэд сайд Пак Гил Ен Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр хүргэж, дээд түвшинд хэлэлцэж тохирсон ажлууд амжилтай хэрэгжиж байгааг тэмдэглэв.
Солонгосын тал Монгол Улсын нэр хүнд олон улсын талбарт өсч байгааг тэмдэглэж, эдийн засгийн салбарт олж байгаа Монгол Улсын ололтыг өөрийн орны амжилттай адилтган үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуучлалын харилцааг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.
Талууд 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Бруней Улсад болсон Азийн Бүсийн чуулга уулзалт (АРФ)-ын бүсийн сайд нарын чуулганы үеэр Монгол Улс, БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд нар уулзсан болохыг дурдав.