logo
Хурдан морины унаач хүүхдүүдийг 5 сая төгрөгөөр гурван хоногийн турш даатгалаа

Хурдан морины унаач хүүхдүүдийг 5 сая төгрөгөөр гурван хоногийн турш даатгалаа

2013/07/09
Хурдан морины салбар хороо хурдан морьдын уралдааны зохион байгуулалтын талаар болон унаач хүүхдүүдийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Энэ жилийн хурдан морины уралдаанд хэд хэдэн өөрчлөлт оржээ. Үүнд унаач хүүхдийн аюулгүй байдлын тухай журмыг баталж, морь барианаас гарах зурхайг 160 метр болгон өргөтгөсөн байна. Хүй долоо худагт очсон наадамчин олон морьд зурхайгаас гарсан үед Морин спорт уяачдын холбооноос морьтой үзүүлбэр болон морин поло тэмцээн сонирхох боломжтой. Мөн уралдааны явцыг лэд дэлгэцээр үзүүлэхээр болжээ. Энэ жилээс морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, зориулалтын хувцас өмсгөх, эцэг, эх асран хамгаалагч нартай эрсдлээс сэргийлэх тал дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа хэллээ. Мөн хүүхэд бүрийг нэг жилийн хугацаатай таван сая төгрөгөөр даатгах юм. Саяхан болсон Налайх дүүргийн баяр наадмаар “Монгол даатгал” компани энэ гэрээгээ зөрчин унаач хүүхдүүдийг гурав хоногийн хугацаатайгаар таван сая төгрөгөөр даатгажээ. Иймд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас сануулга өгч, дахин ийм зөрчил гаргавал гэрээгээ цуцална хэмээн мэдэгдэв. Цаашид хүүхдийг 20-50 сая төгрөгөөр даатгах тухай асуудлыг даатгалын компаниудтай ярих юм байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш