logo
Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ

Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ

2011/08/23
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзалт хийхдээ Ил тод байдлын тухай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Эрхэмсэг ноён Ж.Байден манай Засгийн газрын тэргүүний энэхүү хүсэлтийг тун чухал санал тавилаа гээд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нар уулзалтын дараагаар хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ энэ тухай онцлон мэдэгдсэн юм. Энэхүү хэвлэлийн хурал Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.   
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ бидний урилгыг хүлээн авч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байденд талархлаа илэрхийлээд энэхүү айлчлал нь манай улсын хувьд олон түүхт ойнууд тохиосон жил болж байгаагаараа онцгой ач холбогдолтой. Мөн ирэх онд манай хоёр орон дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Монгол Улс ардчиллыг эргэлт буцалтгүйгээр сонгон хөгжүүлж, манай ард түмэн, улс төрийн бүх хүчнүүд ардчиллыг эрхэмлэн дээдэлж байгааг АНУ хүлээн зөвшөөрч үнэлж байгаагийн тод илэрхийлэл гэж АНУ-ын Дэд Ерөнхийлөгчийн айлчлалыг бид үзэж байна.  АНУ-аас Монгол Улсад үзүүлж ирсэн дэмжлэг, тусламжид манай ард түмэн гүнээ талархаж байдгаа тэмдэглэлээ. Ингэхдээ “Дэд ерөнхийлөгч бид хоёрын албан ёсны яриа хэлэлцээ амжилттай боллоо. Манай хоёр улс нийтлэг үнэт зүйлс, харилцан ашиг сонирхолдоо суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид энэхүү харилцааг урагшлуулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа нотолсон гэдгийг Ерөнхий сайд С.Батболд тодотголоо.  
Манай Монгол Улс энэ 7 сараас эхлэн  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байгаа. Ерөнхий сайд С.Батболд Гадаад харилцааны сайд байх үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтонтой энэ талаар санал солилцож ажлын суурийг тавьсан түүхтэй. Харин энэ удаа Ерөнхий сайдын хувьд АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй санал солилцох таатай боломж гарсныг тэмдэгэлээд ардчиллын үнэт зүйлс, соёл, чанарыг улам сайжруулах үйлсэд Монгол Улс туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Мянганы Сорилтын Сангийн шугамаар хэрэгжүүлж буй төслүүд нь Монголын ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлэх чухал салбаруудыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой. Эхнээсээ үр дүнгээ өгч байгааг ч Ерөнхий сайд тэмдэглээд Монголын тал МСК-аас үзүүлэх тусламжийн хүрээний хоёр дахь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа ч мөн энэ үеэр илэрхийллээ.

АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, өргөжүүлэх, АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах боломжийн талаар санал солилцсон. Монгол Улсад ардчилсан өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэх үйл явцад АНУ цаашид ч дэмжлэг үзүүлэхээ Дэд ерөнхийлөгч Ж.Байдэн нотолсонд талархаж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийллээ.
Айлчлал болж буй энэ өдөр МИАТ төрийн өмчит хувьцаат компани болон АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн хооронд иргэний нисэхийн болон худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, МИАТ-ын сургалтын баазыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхыг сайжруулах асуудлаар Санамж бичиг байгуулсан нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын Ерөнхий сайд итгэлтэй байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нар харилцаа, хамтын ажиллагааны бусад чиглэлээр, тухайлбал боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд АНУ-ын тэтгэлгээр тус улсад суралцах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх боломжийг судлахыг Засгийн газрын тэргүүн хүсчээ. Ингэхдээ энэ жил гэхэд Фулбрайтын тэтгэлэгийн шугамаар манай 16 залуучууд хамрагдах болсон гэдгийг мэдэгдлээ.
2010-2011 онд АНУ-ын Түүх, соёлын дурсгалыг хамгаалах сангаас 695 мянга гаруй долларын санхүүжилт хийх шийдвэр гаргасанд АНУ-ын талд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн юм.
“Хуучин найз- хамгийн сайн найз байдаг” гэж ярьдаг. Олон жилийн дараа, 67 жилийн дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байгааг “Монголын хамгийн сайн найз” ирж байна гэж хүлээж авч байгаагаа Засгийн газрын тэргүүн хэллээ.
Мөн тэрбээр ноён Дэд ерөнхийлөгчтэй олон улсын асуудлуудаар санал солилцож, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах талаарх яриа, хэлэлцээ, зөвлөлдөх механизмыг идэвхитэй ашиглаж байх талаар ярилцсан байна. Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Америкийн тал өндрөөр үнэлж байгаад талархаж байгаагаа илэрхийлжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш