logo
Монгол Улс ардчилал зах зээлийн нийгмийг үнэт зүйлсээ болгож чадсаныг Ж.Байден онцоллоо

Монгол Улс ардчилал зах зээлийн нийгмийг үнэт зүйлсээ болгож чадсаныг Ж.Байден онцоллоо

2011/08/23
Монгол Улсад айлчлах боломж олгосон Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдод, халуун дотноор хүлээн авч байгаа Монголын ард түмэнд талархаж байгаагаа Эрхэмсэг ноён Жозеф Байден хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэлээ. Ингэхдээ тэрбээр энэхүү айлчлал бол аль нэг нам хүчин, төр засгийн эрхэнд байгаагаас үл хамааран Монгол Улс ардчилал зах зээлийг үнэт зүйлсээ болгож чадсан гэдэг нь чухал юм гэдгийг онцлон тэмдэглэж байлаа.  

Эрхэмсэг ноён Ж.Байден хэлэхдээ Ерөнхий сайд С.Батболд таны урилгаар Монгол Улсад хийж байгаа энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Б.Обама нарын АНУ дахь уулзалтын дараахан хэрэгжиж байгаад баяртай байна гэлээ.
1923 онд АНУ-ын анхны экспедици Монгол Улсад ажиллаж байсныг одоо дурсан санахад таатай байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгон замнаж, 5 удаагийн Ерөнхийлөгч сонгууль болоод  хэд хэдэн удаагийн УИХ-ын сонгуулийг амжилтай явуулж, ардчиллын үнэт зүйлийг хамгаалан ирсэнд таатай байна. Өнөөдөр Монгол Улс дэлхий бусад улсуудын адил ардчиллын замаар замнаж байна.
Энэ оны 7 дугаар сараас Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах болсон нь дэлхий дахинд ардчиллыг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан үйл явдал юм. Монгол Улс 2013 онд АОХН-ийн дээд хэмжээний уулзалтыг  өөрийн орондоо зохион байгуулна. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг АНУ өндрөөр үнэлдэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчний дайчид Чаад, Дарфур, Косово зэрэг дэлхийн олон халуун цэгт энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож, Чингис хааны үлгэр дууриаллыг харуулсан. Монголын дайчид Иракийг чөлөөлөх үйл ажиллагаанд оролцсон төдийгүй одоо Афганистанд алба хааж байна. Афганистан дахь Монголын энхийг сахиулагчдын тоо 400-д хүрч байна. Вашингтонд болсон айлчлалын үеэр ч Ерөнхийлөгч нар бас энэ талаар ярилцаж байсан гэдгийг ноён Ж.Байден тэмдэглэлээ. 
Монгол Улс, АНУ эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь нэмэгдэж байна. Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх  талаар ярихдаа ил тод байдлын хэлэлцээрийг байгуулахын ач холбогдлыг ярьсан нь АНУ болоод гадаадын бусад хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хүлээх гол зүйл юм. Монгол улсын ирээдүйн сайн сайхны төлөө АНУ-ын ард түмэн тусалж, дэмжихдээ үргэлж бэлэн байна гэдгийг би бас дахин хэлье. Иймээс ч АНУ-ын Засгийн газар сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсад  200 сая ам.долларын тусламж дэмжлэг үзүүлсэн. Мянганы сорилтын сангийн хамтын ажиллагааны хүрээнд нэмж 285 сая ам.долларын тусламж үзүүлсэн. Энэ тусламж нь авилгын эсрэг тэмцэх, засаглалын бүх түвшинд удирдлагыг чадавхжуулах зэрэгт зориулагдаж байгаа. Түүнчлэн төрийн байгууллагын бүх шатанд хяналт шалгалтыг сайжруулахад тус нэмэр үзүүлж байна. Монголчуудыг илүү сайн ажил хөдөлмөр эрхлэхэд нь зориулж техникийн болон мэргэжлийн сургалтыг явуулахад тусалсан.
Монголчуудын ардчиллыг олж авсан ололт амжилтад бид бүхэн ихээхэн сэтгэл ханамжтай байдгийг Ерөнхийлөгч Б.Обама Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа хэлж байсан бол би одоо Монгол Улсын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтаа дүгнэж энд үг хэлэхдээ ч онцлон хэлэхийг хүсч байна. Энэхүү харилцаа нь АНУ-д ч гэсэн мөн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэмээр байна. Танай улсын гуравдагч хөрш гэж тооцогдож байгаадаа баяртай байна. Монгол Улсын улс төрийн шинэчлэлт өөрчлөлтийг бусад гуравдагч хөршүүдийн адил дэмжин ажиллах болно. Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Тантай улам ойр дотно хамтран ажиллахыг хүсч байна. Найрсгаар хүлээн авсанд тань баярлалаа гэж АНУ-ын дэд Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ж.Байден хэллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш