logo
Монгол, Хятадын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв

Монгол, Хятадын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв

2013/07/10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Сянба Пинцуо тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр бараалхав. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Сянба Пинцуо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслолд оролцохоор хүрэлцэн ирээд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улстай найрсаг харилцаатай улс орнуудын төр, засгийн төлөөлөгчид оролцохоор ирж байгааг дурдаад түүний дотор Монгол Улсын хөрш, стратегийн түнш БНХАУ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бид хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийн харилцааг үргэлж хүндэтгэдэг. Монгол Улсын зүгээс хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.Хоёр орны харилцаанд өндөр дээд түвшний айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалах нь маш чухал. Таны энэ удаагийн айлчлал ч маш чухал ач холбогдолтой юм” гэлээ.


 
 
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Сянба Пинцуо хариу хэлсэн үгэндээ “Миний бие БНХАУ-ын дарга Си Жинпиний бие төлөөлөгчийн хувиар Монголд айлчилж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох гэж байгаадаа туйлын их баяртай байна. БНХАУ-ын дарга Си Жинпиний халуун ерөөл, мэндчилгээг танд уламжилъя. Хоёр талын хүчин чармайлтаар Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж ирлээ. Хятадын талаас Хятад, Монголын харилцааг гадаад бодлогынхоо чухал чиглэл болгож үздэг.
 
Энэ 2013 оны гуравдугаар сард Хятадын Засгийн газар шинээр сонгогдож бүрдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Ингэснээр Хятад, Монголын харилцаанд түүхийншинэ хуудас нээгдэх болно гэж Хятадын тал үзэж байна. Монгол, Хятадын стратегийн түншлэлийг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлнэ гэж найдаж байна” гэв.
 
Энэ оны хоёрдугаар хагаст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жинпин нарыг ШХАБ-ын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр уулзуулах чиглэлээр Хятадын тал ажиллаж буйгаа танилцууллаа. Мөн энэ онд багтааж хоёр улсын Ерөнхий сайд нарыг харилцан айлчлуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдыг ирэх есдүгээр сард Хятадад болох Ази-Европын яармаг болон Зүүн хойд Азийн хөрөнгө оруулалт, худалдааны яармагт оролцуулах хүсэлтэй байгаагаа бас илэрхийлэв.
 
Хятадын талаас Монгол Улстай худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, хэвлэл мэдээлэл, хүмүүнлэгийн салбарт харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаа гэлээ. Энэ 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын дарга Си Жинпин УИХ-ын дарга З.Энхболдтой уулзахдаа энэ талаар санал солилцжээ. Мөн транзит тээвэр, дэд бүтэц, далайд гарах гарц, цахилгаан, эрчим хүч, төмөр зам, боомтын харилцаа зэрэг олон салбарт Монголын талд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн харилцааны зарим асуудлаар санал солилцов. Монгол Улс бүс нутгийн орнуудын хоорондын яриа хэлэлцээг идэвхжүүлэх үүднээс “Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлцээ” гэсэн санаачилга дэвшүүлснийг Хятадын тал дэмжиж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч талархаж буйгаа илэрхийлэв.
 
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жинпинтэй ШХАБ-ын уулзалтын үеэр уулзах сайхан завшаан тохионо гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэн түүнд халуун дотно мэндчилгээ дэвшүүлэхийг хүсч, төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай саатан зочлохыг ерөөв. Мөн хоёр орны Ерөнхий сайд нарын харилцан айлчлал чухал ач холбогдолтой гэдгийг дурдав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш