logo
Монгол Улсын Ерөнхийлөгчид Японы сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгчид Японы сайд бараалхав

2013/07/10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Японы Үндэсний аюулгүй байдал, хулгайлагдсан иргэд, гамшгийн асуудал эрхэлсэн сайд К.Фүрүя тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Японы Засгийн газрыг төлөөлөн оролцохоор ирсэнд нь түүнд талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол, Япон хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн чиглэлд маш амжилттай хөгжиж урагшилж байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Японы Ерөнхий сайд Ш.Абэ өнгөрсөн гуравдугаар сард Монголд амжилттай айлчилсан. Тэр үеэр яригдсан Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих “Эрч” санаачлагыг ажил хэрэг болгох чиглэлээр Японы талтай хамтран ажиллах эрмэлзэлтэй байна” гэлээ.
 
Сайд К.Фүрүя “Энэ удаа Монголд Японы дөрвөн сайд зэрэг ирж байна. Японд байхдаа би таны лекцийг сонсоод маш их сэтгэл хөдөлж байсан. Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад амжилттай айлчилсан. Тэр үеэр дэвшүүлсэн саналуудыг ажил хэрэг болгох чиглэлээр ажиллана. Япон, Монгол хоёр оронд урт хугацааны хамтын ажиллагааны түүх бий. Цаашид ч бие биеэ нөхсөн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ” гэж байлаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Японы зүгээс Монголын хөгжлийн эрчимтэй өсөлт эхэлж байгаа энэ үеийг мэдэрч, хөнгөлөлттэй зээл олгох тухай санаачилга гаргаж байгааг зөв гэж үзэж байна. Бид энэ зээлийг Монголын эдийн засгийн хамгийн сайн өсөлттэй салбарууд, эрчим хүчний салбарт ашиглана” гэдгийг хэллээ. Мөн Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хөгжүүлэхийн төлөө Улаанбаатарын яриа хэлэлцээ гэсэн санаачлагын талаар Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй санал солилцсон тухайгаа дурдлаа. Уулзалтын үеэр олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар зарим асуудлаар санал солилцов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш