logo
М Э Н Д Ч И Л Г Э Э

М Э Н Д Ч И Л Г Э Э

2013/07/10
Тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Ардын хувьсгалын ялалтын 92 жилийн ой, Үндэсний их баярыг тохиолдуулан дайнд оролцсон болон бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад дайчид, Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчид,  Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Эцэг өвгөдөөс үе уламжлан ирсэн ариун гал голомт, газар шороогоо харийн булаан эзлэгчдээс хамгаалах үйлст 1921 онд монгол цэрэг ялалт байгуулж, улмаар тусгаар тогтнолоо зарласан энэ өдрийг Монголын ард түмэн Төрт ёсны их баяр болгон ёслон тэмдэглэж, ирсэн уламжлалтай билээ.

Эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалах  удаа дараагийн зэвсэгт тулаанд гайхамшигт ялалт байгуулсан ахмад дайчид,  эдүгээ  НҮБ-ын мандат дор энхийг дэмжих болон цэргийн бусад ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж,  Монгол цэргийн суу билэг, эрдэм чадлыг үзүүлсэн Зэвсэгт хүчний дайчид, Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, нийгмийн шинэ дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэл, сэтгэл оюунаа зориулан өнөөгийн ардчилсан нийгэмд хүргэсэн шилдэг эх орончдынхоо гавьяат үйлсийг хүндлэн дээдэлж, залгамжлан үргэлжлүүлэх нь  бид бүхний эрхэм зорилго байх болно.

Монголын Зэвсэгт хүчин үе үеийн спортын алдартнуудаараа  бахархаж ирсэн бөгөөд энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Зэвсэгт хүчний бөхчүүд, эрхий мэргэн харваачид, алдарт уяачид нартаа ид хаваа гайхуулан амжилт гаргахыг хүсье.

Өвөг дээдсийн минь өвлүүлэн үлдээсэн ариун дагшин газар нутаг, хил хязгаар бүрэн бүтэн байж, эх орончдын гавьяат үйлс  үеийн үед бэхжиж, даяар Монголын ариун голомт цэцэглэн хөгжиж, мандан бадарч байх болтугай. Монгол түмэн минь сайхан наадцгаагаарай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш