Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалийн 23 жилийн ойн баяр наадмын хүрээнд уяачдын наадам Хүй Долоон Худагт өнөөдөр болж байна. Тус наадамд хүчит бөхчүүд эр бяраа гайхуулж, 4 насны шандаст морьдыг уралдуулж сайхан наадаж байна. Их баяр наадмаар нэг түрүү, хоёр айраг авсан хурдан хүлгүүдийн эзэн “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн даага өнөөдөр мөн л аман хүзүүнд ирж уяач эзнээ баярлууллаа. Их насны морьдын уралдаанд Төв аймгийн харъяат алдарт уяач Б.Сүхбаатарын уясан морь түрүүлж наадамч олныг баясгалаа.
Өнөөдөр олны анхаарлыг ихээр татсан зүйл болсон нь энэ жилийн баяр наадмаар 9 даван түрүүлж аварга болсон Г.Эрхэмбаярын улсын аварга цолыг "Mercedes-Benz G-Class" жип автомашин, "Могул Таун"-д 3 өрөө байраар мялаасан явдал юм. Тус шагналыг "Монде" ХХК ивээн тэтгэжээ. Баяр наадамд 8 давж үзүүрлэж, гарьд цолын болзол хангасан Б.Гончигдамба "Lexus-570" жип автомашин, 2 өрөө байрны мялаалга хүртлээ. МCS групп түүнд "Эрийн хийморь" шагналаа гардуулж, 960 сорьцтой, 30 граммын жинтэй цэвэр алтан чонын шагай бэлэглэв. Шинэ хүчит аварга, шалмагхан гарьдтай монгол бөхийн хүч чадлыг үнэлэсэн томоохон үйл явдал болов. Ийнхүү нар хур тэгширч, шагналын салхи сэвэлзсэн уяачдын наадам сайхан болж байна.