Монголд анх удаа хурдны зам барих ажлын хэсэг албан ёсны нээлтээ өнөөдөр 10.00 цагт хийхээр төлөвлөсөн байсан. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсан байна. Уг замын барилгын ажлын нээлтийг наадмын дараа буюу өнөөдөр нээнэ хэмээн “Гудамж” төслийнхөн өмнө нь мэдээлж байсан. Хурдны зам барихтай холбоотойгоор байгаль орчны үнэлгээ, зураг төсөл гэх мэт олон талт бэлтгэл ажлыг нарийвчлах шаардлага гарч байгаа учир тэд ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байна. Хурдны зам барих ажлын хүрээнд 122 км зам барих юм. Тодруулбал, Туулын хурдны зам (33 км), Баянгол (15 км), Баянхошуу (23 км), Сэлбэ гол (32 км), Бэлх (9 км), Улиастайд (13 км) хурдны зам барихаар төлөвлөөд байгаа билээ.