logo
Солонгост амьдардаг иргэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ

Солонгост амьдардаг иргэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүллээ

2013/07/15
Солонгос улсад Монгол улсын бүх хүн амын нэг орчим хувь нь болсон 35 мянга орчим иргэн ажиллаж амьдардаг юм. Эдгээр иргэдийн хувьд энэ жил 13 дах удаагаа Сөүл хотноо үндэснийхээ Их Баяр Наадмыг өнгөрсөн 7-ны өдрийн Ням гаригт Сөүл хотын Гуангжин дүүрэг дэх Гуангжин бага сургуулийн биеийн тамирын талбайд тэмдэглэлээ.

Монгол улсаас БНСУ-д суух Элчин сайдын яам , Хаан банк , Сөүл хотын захиргаа , БНСУ дах Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв зэрэг 20 гаруй байгууллагууд оролцсон наадмын үеэр Монгол үндэсний бөх , сур харваа , ширээний теннис, шагай харваа, гар барилдаан, шатар , Гуангжин дүүрэг дэх Монгол сургуулийн сурагчдын урлагийн тоглолт зэрэг олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдаж , 5000 орчим иргэд цугларсан бөгөөд 100 гаруй Солонгосын олон нийтийн байгууллагын сайн дурынхан ажилласан байна.

Хүчит 64 бөх барилдсанаас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харъяат , аймгийн начин Батжаргал түрүүлж , Бор Харцагын хүү , сумын Заан Даваасүрэн үзүүрлэж, Энхбаяр, Нэмэхбаяр нар шөвгийн дөрөвт үлдэж , Ерөнхий шүүгчээр Ховд аймгийн Дөргөн сумын харъяат , улсын цолч, засуулч П.Буджав ажиллажээ.


Шатрын тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд нийт 40 тамирчин оролцож хасагдах журмаар тоглосон ба шигшээ 5-д шалгарсан тамирчид швейцар системээр тойргоор тоглосноор
1- р байр Корей Их сургуулийн оюутан С.Гэрэлт од
2- р байр Сөүлийн Их сургуулийн оюутан И.Отгонбат
3- р байр Мөрөн зоогийн газрын захирал А.Даваажаргал нар тус тус эзэлжээ.

Харин эмэгтэй шатарчдыг Солонгос улсад ажиллаж амьдардаг Д.Саруул гэдэг бүсгүй тэргүүлсэн байна.

Эх сурвалж: mglradio.com

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш