logo
Монгол Улсын Ерөнхийлөгчид Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такэхико Накао бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгчид Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такэхико Накао бараалхав

2013/07/16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азийн хөгжлийн банкны /АХБ/ ерөнхийлөгч, захирлуудын зөвлөлийн дарга Такэхико Накаог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийн газрын ерөнхий захирал Аюүми Кониши, АХБ-ны ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Томоюки Сайсү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммер, АХБ-ны ахлах эдийн засагч Ян Хансэн нар оролцлоо.

Уулзалтын үеэр АХБ-ны ерөнхийлөгч Такэхико Накао хэлсэн үгэндээ “Биднийг халуун дотноор хүлээн авч уулзсанд гүнээ талархал илэрхийлье. Монголын сайхан оронд хүрэлцэн ирж, зуны дэлгэр цагаар айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байна” хэмээв.
 
Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Та бүхэн Монголд морилон саатсанд баяртай байна. Монголын төр засаг АХБ-тай он удаан жилийн турш амжилттай хамтран ажилласаар ирсэн. Энэ хамтын ажиллагаа, найрсаг харилцааг цаашид үргэлжлүүлэн улам батжуулахын төлөө бид зүтгэх болно.
 
Монгол Улсад өнгөрсөн 20 жилийн хугацаанд АХБ-наас маш олон салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирсэн. АХБ-наас Монголд нийт 1,2 тэрбум орчим ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь 1991 оноос хойш Монголд орсон нийт зээл тусламжийн дөрөвний нэг гэсэн үг юм. Энэ бүгд нь АХБ нь Монголын олон талт хамтын ажиллагааны хамгийн томоохон түнш, бидний хамгийн дотны хамтрагч олон улсын байгууллага болохыг илтгэж байна.
 
Бид уул уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулж, үйлдвэрлэл, технологийн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх бодлогыг баримталж байна.
 
Шууд ардчилал, иргэний оролцоотой төсвийн зарцуулалтыг шийдэх тал дээр хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Монголын орон нутгийн ард иргэд өөрсдийн мэдлээр төсвөө шийддэг тогтолцоонд шилжиж байгаа. Энэ тал дээр АХБ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна.
 
Монгол Улсын эдийн засаг 2011 онд 17.5 хувь, 2012 онд 12.3 хувиар өсч, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэгчдийн эгнээнд багтсан. Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа нь уул уурхайтай холбоотой. Уул уурхайн салбараас орж ирэх хөрөнгийг зөв зарцуулж ирээдүй хойч үедээ үлдээхийн тулд бид Норвеги тэргүүтэй гадаадын орнуудаас туршлага судалж байгаа. Энэ талаар бид ажлын хэсгийг томилсон. Мөн АХБ-ны зүгээс энэ ажлыг дэмжиж байгаад баяртай байна.
 
Уул уурхайн салбараас олох хөрөнгийг хуримтлуулж, тусгай сан байгуулах гэх мэт ажлуудыг төлөвлөсөн. Үүний зэрэгцээ байгаль орчны асуудалд гол анхаарлаа хандуулж, цаашдын хамтын ажиллагаандаа тусгах бодолтой байна.
 
Ирэх хоёр жилийн хугацаанд бид их ажлыг төлөвлөөд байна. Дэд бүтэц, төмөр зам, цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний салбар, Орон нутгийн хөгжлийн сан, нийслэлийн агаарын бохирдол гээд нөр их ажил биднийг хүлээж байгаа. Энэ бүх ажлуудад АХБ-тай хамтран ажиллахдаа бид таатай байх болно” гэв.
 
АХБ-ны ерөнхийлөгч Такэхико Накао “Монгол Улс сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, энэ хөгжилд бид хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Бид цаашид харилцаагаа улам бүр өргөжүүлж, өшөө олон салбарт хамтран ажиллах болно” хэмээв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш