logo
Түүнийг хайрлах хүмүүс дэндүү олон юм

Түүнийг хайрлах хүмүүс дэндүү олон юм

2013/07/17
Тод санаж байна. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг. Арай ч дээ ийм болчих гэж. Тэнхээтэй, бяртай, зоригтой хүчтэй хэнийг ч сэтгэл санаа, өвчин хоёроор балбаад байхад нүднээс гарч болдог жишээг яруу тодоор харлаа. Маш тод саначихлаа Н.Энхбаяр гэдэг хүнийг. Тусгайгийн, бэлтгэлтэй зургаан эр дамжилж ядан авч явж байсныг. Тэгэхэд тэр 94 кг байсан гэдэг. Одоо бол 59 кг. Асар их зөрүү. Эрүүл хүн ч ингэж харагддаггүй байх аа. Гарцаагүй л өвчин.

Их хуцвал турна гэдэг ч өөрөө өвчин. Бид мэднэ. Ардчилсан нийгэм анх гарч байхад харгислалыг жинхэнэ амсаж байсан хүмүүс бол эрхээ хасуулсан ялтнууд. Хоригдлуудаа битгий хэл энгийн иргэдээ тэжээх гэж картын бараанд оруулж байсан засаг Цагаан давааны оршуулгын газарт үхсэн хүмүүжигчдэд зориулж өвөл болохоос өмнө 100 нүх ухуулдаг байсан үе. Харамсалтай тэгж бэлдээд ч нас барсан хоригдлуудын тоо ухсан нүхнээс давж тэсгим хүйтэнд бусад хүмүүжигчид нь нүх ухаад л зогсоно. Яагаад гэвэл тураал, сүрье, халдварт шар гээд бүхий л өвчин хорих ангиудад жижүүрлэж байвч төр тэднийг дуртай нь амьд үлд гээд хаячихсан юм.
Одоо харин өөр нийгэм. Дөнгөж ирсэн ардчилал 20 гаруй настай эрийн цээнд хүрчихэж. Ийм үед эрхээ хасуулсан хүмүүжигчид өвчнөөр үхэж эс болно. Хоёр сая 700 мянгахан хүнээ гурван саяд хүргэнэ хэмээн хичээж “Монголын үрс маш олон болтугай” гээд ерөөж суудаг элэг нэгтнүүдэд нэг хүн ч гэсэн хайран. Харин бусад нь ганцаар ч гэсэн цөөрөөсэй гээд хавчиганаж суугаа болов уу. Хүн алддаг юм. Алдсаныхаа дараа бас ухаардаг ч юм. Энэ үед нь алгаа дэлгээд тосоод авах ухаан монголчуудад бий. Бас ч үгүй хүн чанар, нинжин сэтгэл бид бүгдийн зүрхэнд оршдог. Гэхдээ улс төр, ашиг сонирхол холилдоод ирэхээр энэ бүгд хаашаа оддогийг мэдэхгүй. Нүднийх нь үзүүрт өчүүхэн ч гэрэл гийхгүйгээр гөлийж байгаад бусдын эрдэнэт амийг хөсөр хаяж байгаа хэнээтнүүд хэний үрс вэ.

Бүр ч ихээр санчихлаа. Улсын ерөнхий прокурорын газрын дэд дарга Батбаяр, багийн ахлагч Ганцэнгэл, багийн ахлагч Сарангэрэл нар ийм дүрстэй, ингэж тарчилж байгаа хүнийг “Эрүүл л байгаа шүү дээ” гээд тас шилбүүрдэж байсныг мэднэ. Зүгээр л тэдний аав нь ч юм уу ах нь, бүр хүү нь энэ төрхийг олсон бол яах бол. Эсвэл “Өвдөөгүй л байна шүү дээ битгий маягал” гээд энхрий хайрт төр, түүний удирдагчийнхаа төлөө үнэн зөвийг ялгалгүй зүтгэж явна уу. Магадгүй л юм. Саяханы нэг цахим хэвлэл дээр Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат “Н.Энхбаярыг үхэж байсан ч суллах шаардлага байхгүй гэдгийг шууд хэлье” гээд л их л бардам дугарсан байна лээ.  Аргагүй биз дээ. Артай хүний амнаас гардаг л үг. Яс юман дээрээ Ц.Мөнхбат хийсэн бүтээснээрээ, нэр хүнд, чадлаараа Н.Энхбаярын хаана нь ч хүрэхгүй амьтан. Шууд хэлэхэд Н.Энхбаяр гэдэг хүнийг өмгөөлдөг, хамгаалдаг, бас хайралдаг, өрөвддөг хүмүүс дэндүү олон юм билээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш