Их Британид эмчилгээ, сувилгааны дутмаг байдлаас болж эмнэлэгт нас барж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаа тухай шуугиан гарсанаас үүдэн тус улсын эрүүл мэндийн үйлчилгээ ихээхэн шүүмжлэлд өртөхөд хүрчээ. Эдгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан төрөл төрөгсдөө алдсан ар гэрийнхэн нь эмнэлгийн эмч нарын эмчилгээ, сувилгаа маш муу, өвчитнүүддээ сэтгэл тавьж асардаггүй болохыг шүүмжилж байна. Тус улсын эрүүл мэндийн үйлчилгээний албанаас хийсэн шалгалтын үеэр уг зөрчил дутагдал 14 эмнэлэгт илэрсэн байна. Тиймээс холбогдох газрын удирдлага "Энэ бол манай улсын эрүүл мэндийн үйлчилгээний гутамшиг” хэмээн мэдэгдлээ. Одоо нэгэнт эдгээр алдаа дутагдлыг илрүүлж, тодорхойлсноос хойш үүнийг засч сайжруулахын тулд тусгай шинжилгээний багийг гарган, зөрчилтэй эмнэлгүүд дээр ажиллуулахаар болсон тухай тус улсын эрүүл мэндийн байгууллагын албаныхан мэдээлжээ.