logo
МАН-аас Сүхбаатарын талбайн асуудлаар гаргасан мэдэгдэл

МАН-аас Сүхбаатарын талбайн асуудлаар гаргасан мэдэгдэл

2013/07/19
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Нийслэлийн төв талбайн нэрийг өөрчлөх тухай шийдвэр гаргасан нь олон нийтээр хэлэлцүүлэлгүй ард иргэдийнхээ бодол саналыг тусгаагүй, хэдхэн дарга нарын явцуу эрх ашигтаа ороогдон гаргасан бодлогогүй, хууль зөрчсөн үйлдэл хэмээн Монгол Ардын Нам үзэж байна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг зөрчин энэ асуудлыг улс төрийн тодорхой зорилго, үзэл суртлын үүднээс шийдэх гэж хэт яаравчлан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, ардчилсан ёсонд харшилсан зүйл гэдэг нь тодорхой. Түүгээр зогсохгүй Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Сүхбаатарын талбай” хэмээн УИХ-аар баталсан тодорхой хууль, Засгийн газрын эрх зүйн актууд, тогтоомжуудад зохицуулалт болгон хуульчлагдсан нэршлийг хууль зөрчин хүчээр сольсон нь эрхээ хэтрүүлсэн ноцтой үйлдэл юм.

Баяр наадам зохион байгуулах комиссоос Ардын хувьсгалын 92 жилийн ойг санаатайгаар үгүйсгэн наадмын талбарт нэрийг нь ч дурьдалгүй орхисон нь өнөөдрийг авчирсан үе үеийн Эх орончдыг гомдоон гутааж, Тусгаар тогтнолоо үгүйсгэсэн хэрэг мөн.

Эрх баригч Ардчилсан нам, Нийслэлийн удирдлагаас Ардын хувьсгалыг үгүйсгэх, өнгөрсөн түүхдээ халдан илт мушгин гуйвуулж эхэлсэн нь Биднийг улс төрийн бүдүүлэг өдөөн хатгалт хэмээн үзэхээс өөр аргагүйд хүргэлээ.
Монгол Улсын Тусгаар Тогтнолын түүхийг арчих, эрэлхэг хөвгүүдийнх нь түүхэнд байгуулсан үйл хэргийг баллуурдахын тулд ил далд бодлого боловсруулан, Эх орныхоо түүхийг баллуурдаж байгааг Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн, жирийн гишүүд, дэмжигчид гүнээ харамсан эсэргүүцэж байна.

Алдаатай оноотой ч дэвшил хөгжил нь хүн төрөлхтний хөгжлөөс хоцролгүй эрин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадсан 92 жилийн түүхийг нийслэлийн удирдлагууд үгүйсгэж байгаа нь туйлын харамсалтай. Өвөө эмээг нь ач гучийнх нь сэтгэл зүрхнээс, Тусгаар тогтносон, улс шиг улс болсон түүхээ ард түмний сэтгэл, оюунаас арчихыг хүссэн хэсэг бүлэг нөхөд, тэр дундаа Ардчилсан Намын зүгээс хийж буй явуургүй оролдлогоо зогсоохыг шаардаж байна.
МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш