logo
Анд минь хурдан эдгээрэй. Алтан микрофон чинь хүлээж байгаа шүү

Анд минь хурдан эдгээрэй. Алтан микрофон чинь хүлээж байгаа шүү

2013/07/19
Баасанжаргалын Эрдэнэцогт. Монголын утга зохиол, яруу найраг, сэтгүүлзүйн салбарт өөрийн гэсэн утга уянга, ухаарал, сэрэл мэдрэхүй, гуниг тээн орж ирсэн уран бүтээлч юм. Орчлонгийн юмс бүхнийг өөрийнхөөрөө хөглөж, өөрөөрөө дуулж явдаг тэр залуу үргэлж л гэрэл цацруулан инээмсэглэж, эргэн тойрондоо дулаахан сайхан уур амьсгал бүрдүүлж явдаг сан.
Булган аймгийн Утга зохиолын нэгдлээс, Утга Зохиолын Дээд Сургуульд яруу найрагч Л.Ганзул болон бусад нөхдийн хамт оюутан болж ирж байсан тэр жил буюу 1997 оны намрын сэрүүн өдрүүдэд анх би Б.Эрдэнэцогттой танилцаж байснаа санадаг юм. Тэгэхэд би дөрөвдүгээр курсийн ах байлаа. Намайг дагаж цэнгээнт бүжигчин болох гэж оролдлого хийж байсныг нь одоо дурсахад хөгжилтэй. Тэрээр богинохон хугацаанд яруу найраг, сэтгүүлзүйн ертөнцөд өөрийн гэсэн ертөнцийг бүтээж чадсан юм.
Цэнгээнт бүжиг гэснээс нэгэн дурсамж сөхье. Би 1997 оны сүүлээр буюу шинэ жилийн өмнөхөн  УЗДС-ийнхаа дэргэд цэнгээнт бүжгийн хамтлаг байгуулах гэж оролдож байгаад, яагаад ч юм хол явж чадалгүй бүтэлгүйтсэн юмдаг. Тэгэхэд тэрхүү бүжгийн хамтлагт манай доод ангийн дүү нар болох сэтгүүлч Т.Алтан-Шагай, яруу найрагч Л.Ганзул, мөн сэтгүүлч Н.Отгонтуул, Б.Эрдэнэцогт гээд хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн нэр, мөрөө дархалж яваа шижигнэсэн сайхан залуус цэнгээнт бүжгийн зах зухаас амсаад л өнгөрч билээ. Одоо бодоход хэн нь ч бүжгээр амжилт гаргаагүй ч, яруу найраг, сэтгүүлзүйн салбарт бүгд л өөр өөрийн орон зайгаа эүлэн, бичиж туурвиж яваа билээ.
 
 
1998 оны хавар ус гэсч, цас ханзрах цагаар юмсан. Галигаагийн Баярсайхан (одоогийн “Шударга Бүлгэм” хөдөлгөөний тэргүүн) ах “Цэнхэр дэлгэц”, “Time Out” гэдэг хоёр сонин гаргадаг байлаа. Тэр үеийн хамгийн гүйлгээтэй цөөхөн сонинуудын нэг байсан юм. Оюутан бид мөнгөний хэрэгцээ гарахаар, хичээлийн цагаар хичээл дээрээ 3-5 шар мэдээ бичиж бэлтгээд, хичээл тарахаар Г.Баярсайхан ах руу явган гүйж очоод бэлэн мөнгөөр өгчихдөг байж билээ. Нэг мэдээг Г.Баярсайхан эрхлэгч 500-1000 төгрөгөөр чанар чансааг нь уншиж байгаад үнэлээд авдаг, тэр үедээ чөлөөт сонины зах зээл дээрх хаана ч байхгүй хамгийн том урамшуулал үнэлгээ байж. Ийм байдлаар би ангидаа битгий хэл сургууль дотроо “мөнгөлөг” цөөхөн оюутны нэг гэгдэж нэг хэсэг явав. Нэгэн өдөр Б.Эрдэнэцогт бид хоёр хичээл тараад хотын төвөөр хамтдаа бие биедээ шүлэг уншсан шигээ алхаж билээ. Гэнэт өлссөнөө санаж, хоёул хуушуур идэх юмсан гэж хэн нь ч билээ анх яриа эхлүүлснээр яаж мөнгөтэй болох уу энэ тэр болоод явчихлаа. Би ч өнөө мөнгөтэй болох боломж аргаа түүнд хэлснээр хоёул Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт сууж байгаад тус тусдаа тав, нийтдээ 10 шар мэдээ бичив. Тэгээд яахав, тэр дор нь Г.Баярсайхан эрхлэгч дээр гүйж очоод өгчихлөө, Б.Эрдэнэцогтыгоо ч танилцуулчихлаа. Хоёул тэр даруйдаа баян оюутан болов. Ингээд гэнэт их мөнгөтэй болчихсон хоёр яах нь тодорхой, бөөн баяр байлгүй яахав. Хүссэн хэмжээгээрээ хуушуурдаж, найз маань ч тэр үед их моодонд ороод байсан улаан хайрцагтай “LM” гэгч тамхинаас нэг хайрцгийг авчихсан хуушуурын араас нэрж суусан шигээ жаргалыг эдэлж билээ. Энэ л үеэс бид хоёрын хязгааргүй урт замын нөхөрлөл эхэлсэн түүхтэй. Түүнчлэн бид хоёрын мэдээ, сурвалжлага бичих ур чадвар маань энэ л үеэс сайжирч, туршлага суусан. Найз маань ч энэ чадвараараа Eagle TV хэмээх манайхдаа анхны гэгдэх барууны тавилттай том айлын нэг гишүүн, эд эс нь болж билээ. Тэр үед Монголын хэвлэл мэдээллийн телевизийн салбарт Т.Алтаншагай, Б.Эрдэнэцогт хоёр шиг шинэ өнгө, дуу хоолойтой сэтгүүлчид ховорхон байлаа. Уламжлалт нэг хэвийн албархуу телевизийн мэдээнийн хөтлөлт, уншилт, орчин, тайз засалт, гэрэл тавилтыг эвдсэнээрээ Eagle TV тэр үедээ Монголын хэвлэл мэдээллийн салбарт ёстой “цунами” мэт хүч түрэн орж ирэн, үзэгчдийг дэлгэцийнхээ өмнө хэдэн ч цагаар хамаагүй байлдан дагуулж чадаж байсан юм. Тэр дундаа өөрийн гэсэн үг хэллэг, дуу хоолой, үйл хөдлөлөөрөө Ц.Оюундарь, Т.Алтаншагай, Б.Эрдэнэцогт, Г.Уянга, Н.Отгонтуул, С.Наранбаатар зэрэг мэдээнийн сэтгүүлчдийн багийнхан нэг хүн шиг, зангидсан гар шиг байж чаддагаараа, бас хурдаараа бусад хэвлэл мэдээлэлийнхээс ялгарч цойлж, Монголын телевизийн салбарт нэгэн шинэ хуудсыг эхлүүлсэн бас эргүүлсэн юм гэж би одоо хүртэл боддог. Учир нь тэд бүгдээрээ л найзын минь нэгэн адил аливаа ажил үйлсэд чин сэтгэлээсээ бүтээлч ханддаг, Монголын сэтгүүлзүйд бүх зүрхээ сэтгэлээ зориулж чадсан энэ цагийн үг, үзэг нь мохошгүй “баатар”-ууд юм...
Найзад маань найз дэндүү олон. Тэр дэндүү найзархаг бас нийтэч. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй нэгэн. Гэвч найз маань өнөөдөр өвджээ. Амьдрал ямар гоё өнгөтэй болохыг, бас ямархан утга уянгатай болохыг илүүтэй мэдрүүлэх гэж, бас илүү сайнаар хөглөх гэж түүнийг минь “бурхан” түр зуурхан шоглочихож... Дэндүү утга уянгатай, дэл сул үггүйгээр, донжтой, голчтой, мэдрэмжтэйгээр элдэв маяггүй түс тас бичдэг болохоор найзыг минь сонгочихож...
Найз маань сайхан хань, хоёр хөөрхөн хүүтэй. Тэр хоёртоо аминаасаа илүү хайртай гээч. Тийм болоод ч тэрүү дэндүү гэр амьтай, гэрсэг, аж ахуйч нэгэн. Нисэхэд байх гэрт нь очоод найзынхаа энэхүү аж ахуйч зан чанараас нь би суралцмаар юм байна даа гэж бодон, өөрөөсөө битүүхэндээ нууцхан ичиж билээ.
Найз минь хурдан босоорой. Найз нь үг, шүлгээр чинь бурхныг аргадъя. Эх дэлхийг зөөллөж залбиръя.

Эрхэм андыгаа телевизийн цэнхэр дэлгэцээр хурц дайчин сурвалжлага, мэдээнүүдээ олонд хүргэхийг хүлээж байна. Ажил, амьдралын чинь утга учир болсон телевизийн эфир, алтан микрофон чинь чамайг хүлээж байгаа...

 

Хайрт хүү Э.Мөнхжиндөө зориулав
 
Хүүдээ
 
Алиахан үр минь, амьдралын алаг цоогыг хэмжих гэж
Арван хуруугаан арван зүгт сарвайлган тоолж сурав
Аягатай цай, таван боорцог, дөрвөн чихэр
Алган дээр нь нэмэгдэхүүн, хасагдахуун
Миний хүү тоолж сурав
 
Хэцэн дээр юм горьдох шувуу нисэн суухыг
Хэлгий дүлий хорвоо, хэлд орж, юм сонсохыг  
Хээрээр шархтай царцаа чулуу дамжин мөлхөхийг    
Хэнзхэн үр минь ядартлаан тоолж сурав
 
Талханд явсан хэн нэгнийг халамцуу ирэхийг үзэхгүй гэхдээн
Тавхан настай үр минь хорвоогын буруугаас хасаж мэдэв
Таанын үнэр, ээжийн энгэр, аавын өвөр
Таван настай үр минь, эрхлэхийн сайхныг нэмж сурав
 
Мэдэхгүй юм бүхнийхээн үзүүрээс хугаслах гэхдээн
Миний хүү харсан бүхнээн ялгалгүй тоолж сурав
Аав шигээн том болсон ч, амьдрал тоолж барагдахгүй дээ
Алга нь булбарайхан юм даа, миний хүү тоолж л бай
 
Орчлон чамд олон зүйлийг өгнө
Олдсон бүхнээн чи тоолно
Гэргий чинь чамд, гэр дүүргэх үрс бэлэглэнэ
Гэр дүүрэн үрсээн харин тоолж сургана
Миний хүү тоолж л бай
 
Үүр цайж, нар жаргах өдөр олон
Үүдэн дээр чинь, үнэн худал ээлжлэн ирнэ
Үр минь чи тоолж мэдэхгүй бол
Өнгөрсөнөөн, ирээдүйгээс ялгахгүй ээ
Миний хүү тоолж сураа
 
Нүүдэл бүхнийхээн тоогоор нэгэн зүйлээн гээж
Нүдэн дээр минь миний хүү, амьдралд өөрөөн тоологдоно
Алсдаан аав шигээн, алдаа бүхнээн цөөлөх гэж
Алиахан үр минь, нуруугаан бөгтийтөл тоолно
Миний хүү тоолж сураа...
 
Хайрт хүү Э.Сүлддээ зориулав
 
Хүүдээ
 
Ганганах дуунаар чинь хавар болж
Газар дэлхий хөлийн чинь уланд дулаацана
Инээдэнд чинь шувуу үүрээн засаж
Энх амгалан оршихуй, энэ биеэр чинь нүүдэллэнэ
 
Хайр чиний хамгийн эхэнд хэлэх үг
Харцнаас чинь аав нь хорвоогын үргэлжлэлийг олдог
“Аз жаргал” чамд, хамгийн гоё зохих тавилан
Алдрайхан үр минь, аавдаан үнсүүл
 
Орчлонгын тоосоор миний хүү
Одод шүүрэх мэт тоглоно
Одод шүүрэх мэт тоглохдоон
Олон аялгуу зохионо
 
Хөөрхөн үр минь
Хөврөх цаг хугацааны утас минь
Өтөлхийн цагт өр дулаацуулах
Өмсгөл минь
 
Шулганах үр минь
Шувуудын далавчинд голлосон зураг минь
Зүрхний минь саравчинд зүсээн тольдож
Зүүнтээ мандаж, буруунтаа жаргах
Өдөр хоног минь...

Тэрэг чирсэн жаалхүү
 
Тэрэг чирсэн жаалхүү
Тэр худгаас дандаан ус зөөдөг
Газрын өөд нуруугаан бөгтийлгөн алхахад
Гарт нь хорвоо тэр чигээрээн чирэгддэг
 
Өглөөгөөр, үдшийн бүрийгээр
Өнөөх л жаалын тэрэгний мөрөөр
Халамцуу нэгэн харь гаригаас ирсэн мэт алхдаг
Хайр дурлалт залуу хосууд хөтлөлцдөг
 
Дагтаршсан цас, шалбааган дундуур
Дандаан тэр, ханзархай гуталтай алхдаг
Харц нь дулаахан, хацар нь улаахан
Хамаг бүгд  түүнд зохисон мэт л алхдаг
 
Түүнийг эзгүйд худаг хаадаг
Түүнд цаг хугацаа атаархдаг
Эргэж ирэхэд нь худаг хаалгаан дэлгэдэг
Энэ хорвоо жижигхэн гарт нь элэгддэг
 
Тэрэг чирсэн жаалхүү
Тэрэгнийхээн дугуй шиг намхан
Тэр дугуйгаан эргэлдэх тоолонд
Тэнгэрлүү өсөн төлждөг
 
Тэрэг чирсэн жаалхүүгийн, усных нь сав таггүй
Тэр хорвоогын цангааг тайлдаг
Тэрний очих газар нь өгсүүр
Тэр үргэлж л цэцэгний хажуугаар алхдаг
 
Тэрэг нь элэгдэж, сав нь хуучирлаа л
Тэрэнтэй адилхан усчин үгүй
Маргааш тэр ирэхгүй бол
Магадгүй орчлон хорвоо гандана
 
Тэрэг чирсэн жаалхүү
Ядрахдаан тэр хоёр гараан сэгсэрч
Яргуй шиг л хүүхэд насаан унагадаг
Өөрөөн тэр өнө холын бодолтой
Өнөөдөр, маргааш, нөгөөдөр...
 
ГАНЦ МОДНЫ АНИР
 
Миний ижийгийн гадаах овоолгоостой аргал шиг 
                                                                      уулан  дээр
Миний ижийгийн намайг харуулдсан нүд шиг
                                                                      ганц мод байдаг
Болжмор шувуу мөчир дээрээс нь дэргэн нисэх нь
Бор гэрийн минь галтай тулганаас манан татах шиг
Нэг тийм зовхиноос төөрсөн сормуус мэт мод байдаг
 
Залуутын гол өгсөж нутгаасаан холдоход минь үдэх гэж
Зайлуул тэр мод их дээр ургасан
Залуутын гол уруудаж нутагтаан ирэхийг минь үзэх гэж
Зайлуул тэр мод намайг түшиж өвгөрсөн
 
Миний дурласан бүсгүйн үзэсгэлэн мэт нэг тийм хөдөөд
Миний хайртдаан босгосон хөшөө мэт мод байдаг
Бүтэн зүрхээн нулимсаар дундалж цэцгэс ногох мэт
Бүрий дундуур сэрчигнэн хийсэх навчис үгүйсэн
Бүр хачин нүцгэн хачин амьд мод байдагсан
 
Гав ганцаар би, тэр мод шиг уулын оройд ганихардагсан
Галав юүлэхийн цагт ч бид хоёр бие биенээсээн уяатай
Энэ ертөнцийн хөрсрүү миний орчлонг үдсэн ч
Эргээд миний хүүг тосох төгсгөлгүй ганц мод байдагсан


Ижийдээ
 
Булингартай энэ хорвоод, бурууг минь бусдаас нуух гэж
Будрах цастай хамт, ижий минь хорвоог гоёно
Нүүдэлтэй энэ хорвоод, нүглийн минь тоог цөөлөх гэж
Нөмгөн дээлтэй ижий минь, нүүрээн худалдаж өтлөнө
 
Амьд явахын тухайд нь, аргадахын төлөө төрсөн шиг
Алгаан дэлгэхийн тухайд нь, ганцаардахын төлөө төрүүлсэн шиг      
Сураг чагнахын тухайд нь, сульдах гэж харуулдсан шиг
Сунаж мөргөхийн тухайд нь, урагдахын төлөө аньсан шиг
 
Гэрэлтэй дулаан гэрт нь, өнжөөд буцах нь ховордоход
Гэсгээгдсэн ганц хөгшин, гэрээн тойрч горойлно
Хонхтой жижигхэн гэрт нь, багтахаан больтолоон томорход минь
Холын салхи дулаалж, энгэрээн цанттал хурайлна
 
Сүү шигээн...
Сүүдэр нь хүртэл цагаан ижий минь
Сүүжин дээрээ орчлонг тэгнэж
Сүмийн орой шиг элэгддэг
 
Дээлтэй чигээрээн...
Дэргэд минь үргэлж байх юм шиг
Дээвэр ижий минь
Хайрыг тань дороон дэвсэж
Хальтираагүйдээн өөртөөн эрддэг
Тэнэгхэн үртэй
 
Уул мэт хүүгээн
Ургамал мэт хучиж
Орчлонгын тоосыг өөрөөрөөн сэгсэрч
Овоон дээр өргөсөн, чулуу мэт үлдэх
Ижий минь
 
Сайхан нүднээс чинь, санахын өргөсийг авая
Саравчлах тоолонд нь гарын тань салаагаар урсая
Хажууд минь
Харих цагийн тоосыг
Хамтдаан арч даа ижий минь...
 
Хужир толгойн намар
(Найз С.Батгүрд)
 
Гүнж өвсний бэлхүүсэнд, гүйгүүл саран сатаарч
Гөлөмний өлмийд тээглэсэн, Ганьдиряагийн нутагаа
Хүрэл сортой чулуунд нь, буцах шувууд бүдэрч
Хөх өдөн бийрээр, хүйгээн цөгөлсөн аргамжаа
Саарал буурал тэнгэр, аньсагаан хөхөртөл уйлахад
Санчиг юуны сүүдэрт цэцгийн энгэсэг хиртсэн
Салхи тосож айрагдсан Хужир толгойн энгэрт нь
Сахалтай жаалуудын дэрлэсэн хотгор гүдгэр байдагаа
Хэлхээ солгой шөнөөр, Ганьдиряагаан дагуулаад
Хэл чимээгүй мордсон дээлээн бүслээгүй болзоо
Хээр морины цогионд нь өвс зүүрмэглэн хоцорч
Хэц огтолж алхаагүй Хужир толгойн салхиа
Дусал, дуслын цэцгэн дээр ижий тормойж бэтгэрээд
Дурдан тэрлэгний хормойгоор хяруу хайлсан илчээ
Дуу шүлгийн тэртээгээс хагацал сэрж буцаад
Дугуй тоонотой гэрээс нь хун нисэлдсэн намараа...
                                                     1999 он УБ хот
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш