БОНХЯ-ны харьяа Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх алба байгуулагдаж, стандартын бус мод худалдаж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож эхэлжээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтран хууль бус мод бэлтгэлтэй тэмцэн ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд Төмөр замын “Ачиж буулгах зориулалтын анги”-ийн газар дээр байрлаж байсан захын үйл ажиллагааг нь бүрэн зогсоожээ. Учир нь дээрх захын барилгын материалын худалдаа явуулах зөвшөөрөл 2002 онд дууссан бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогджээ. Энэ нь Монгол Улсын Хөдөлмөр аюулгүй байдлын тухай, Галын тухай зэрэг хууль, тогтоомжуудыг зөрчсөн байна.