logo
Цөмийн энергийн газрын удирдлагад хариуцлага тооцохоо хатуу анхаарууллаа

Цөмийн энергийн газрын удирдлагад хариуцлага тооцохоо хатуу анхаарууллаа

2011/08/25
Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлах гэж байгаа талаар гадаадын зарим улстай гэрээ байгуулахаар зэхэж байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд дотоод, гадаадын зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдсаар байгаа.
Энэ асуудалтай холбогдуулан Цөмийн энергийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх ёстой байсан боловч тус газрын дарга хуралдаанд ирээгүй байна. Тиймээс уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.
Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулах  үүргийг удаа дараа  авсан Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат хоёр ч удаа ийнхүү  Засгийн газрын хуралдааныг “эс тоосон” нь уг асуудал үнэний ортой юм биш биз гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
Цөмийн хаягдлыг Монголд булшлах асуудал ганц дотоодын хэвлэлээр бус гадны нэр хүнд бүхий хэвлэлээр барин тавин бичигдэх болсон. Энэ асуудлыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хүртэл болж эхлээд байхад Цөмийн энергийн газрын дарга, бусад удирдлага нүдэн балай чихэн дүлий байхаас гадна Засгийн газраа хүртэл үл хүндэтгэсэн нь тус газрынхан уг мэдээллийг үгүйсгэх аргагүй болсон юм биш биз гэсэн эргэлзээг бий болгоод байна.
Засгийн газрын хоёр ч удаагийн хуралдаанаас асуудлыг хойшлуулсан учир Ерөнхий сайд С.Батболд ажлаа хийж чадахгүй байгаа тус газрын удирдлагатай хатуу хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байгаагаа хэлсэн байна. Цөмийн хаягдлын талаар элдэв шуугиан гараад байхад мэргэжлийн байгууллагын хувьд тодорхой, үнэн зөв мэдээллийг олон нийтэд өгдөггүй, бодлого нь хэрэгжиж өгдөггүй, салбарын уялдаа холбоо байхгүй  энэ байгууллагын удирдлагатай хатуу хариуцлага тооцно хэмээн мөн анхааруулжээ. 
Ингээд ирэх долоо хоногийн хуралдаанд тус байгууллагын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцон ажлаа танилцуулахыг хатуу үүрэг болгосон байна.
Б.Онон
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш