logo
Эх орондоо олимпийн наадмуудыг зохион байгуулах хүсэлтэй байдгаа дахин нотоллоо

Эх орондоо олимпийн наадмуудыг зохион байгуулах хүсэлтэй байдгаа дахин нотоллоо

2011/08/24
Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Жак Рогге Монгол Улсын Ерөнхийлөгчид өнөөдөр бараалхлаа. Ерөнхийлөгч Ц.ЭЛБЭГДОРЖ  манай оронд хүрэлцэн ирсэнд ноён Жак Роггед талархаад, өөрийн эх орондоо олимпийн наадмуудыг зохион байгуулах хүсэлтэй байдгаа дахин илэрхийллээ. 2011 оны нэгдүгээр сарын 25-нд Олон Улсын Олимпийн Хорооны байранд болсон уулзалтын үеэр 2017 оны Зүүн Азийн Олимп, 2022 оны Азийн Олимп, 2040 оны Зуны Олимпийн наадмуудыг Улаанбаатарт зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг бататгасан дурсамж бичигт хоёр Ерөнхийлөгч гарын үсэг зурж байсан билээ. Улс үндэстэн, хүн төрөлхтөн том хүсэл зорилготой байх ёстой гэсэн үзэл санааг энэхүү дурсамж бичиг давхар агуулсан юм.

"Монголчууд бол олон зуун жилийн өмнөөс морь уралдуулж, бөх барилдаж, нум сум харваж ирсэн, нэг үгээр спорт гэдэг монголчуудын амьдрал ахуйд ойрхон зүйл. Манай тамирчид Олимпийн наадамд амжилт үзүүлж чадна гэдгээ 2008 оны Бээжингийн Олимпоор нотлон харуулсан. Монголын тамирчид төдийгүй ард түмэн, төр засаг онцгой анхаарч Лондонгийн Олимпод идэвхтэй бэлдэж байна. Төр засгаас биеийн тамир спортыг хөгжүүлэх, олимпизмийн үзэл санааг дэлгэрүүлэх, тамирчдыг дэмжихэд сайн анхаарч байна.

Бидэнд нэг төлөвлөгөө байдаг. Өнөөдөр тантай хуваалцахдаа баяртай байна. Энэ нь 4 жил тутам үндэсний хэмжээний спортын наадам-олимп зохион байгуулах тухай санаа юм. Хот хотоороо, аймаг аймгаараа Үндэсний Олимпдоо ирж оролцож, Үндэсний Олимпийн аваргаа шалгаруулдаг байх, түүгээр дамжуулж олимпийн үзэл санааг дэлгэрүүлэх явдал чухал юм. Монголчууд спортоор хичээллэх, тив дэлхийн тэмцээнүүдэд амжилт гаргах нь улам бүр нэмэгдэж байгааг харахад бидэнд бахархалтай байдаг" гэж ярилаа.

ОУОХ-ны Ерөнхийлөгч  Жак Рогге Үндэсний Олимптой болох тухай Ерөнхийлөгчийн саналыг талархан дэмжлээ. " Энэ үнэхээр сайхан санаа. Үндэсний Олимпийн аваргатай байх нь дэлхийн Олимпийн аваргатай байх эхлэлийг тавина гэсэн үг. Танай монголчууд эх орондоо олимпийн наадмуудыг зохиох өндөр хүсэл эрмэлзэлтэй байдгийг би мартаагүй. Эрчимтэй хөгжиж байгаа танай улс энэ зорилгодоо хүрнэ гэдэгт би итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье" гэлээ.

Тэрээр мөн Монгол Улсын төр засаг  тамирчдаа дэмжих, олимпод бэлдэх, биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, аж ахуйн нэгж иргэдийн дэмжлэг идэвхтэй оролцоо зэргийг өөрийн биеэр үзэж  танилцан, сэтгэл өндөр байгаагаа хэлсэн юм.   Ноён Жак Рогге Монгол Улсыг Лондонгийн Олимпод амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.   Тамирчдын эрүүл мэндийн асуудалд төрөөс анхаарч, биологийн судалгаа шинжилгээний ажилд тодорхой төсөв зарцуулж ахиц гарч байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ үеэр хэлж байлаа.  Эдийн засгийн ахицтай өсөлтийн хэрээр бүх нийтийн биеийн тамир спортыг дэлгэрүүлэх, тамирчдыг өндөр хэмжээнд бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоогоор хангах, Олимпод амжилт гаргасан тамирчдыг урамшуулах, томоохон спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжууд бий болж байгаа талаар уулзалтад оролцогсод санал солилцож байв.  УОХ-ны Ерөнхийлөгч Ж.Рогге ирэх зун манай оронд айлчлах болсноо дахин нотолж, уг айлчлалын үеэр дахин уулзана хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Байт харвааны спортын параолимпийн аварга , айлчлалын албан ёсны төлөөлөгч Д.Баатаржавт баяр хүргэсэн юм. Уулзалтын төгсгөлд  2017 оны Зүүн Азийн Олимп, 2022 оны Азийн Олимп, 2040 оны Зуны Олимпийг Монгол Улсад зохион байгуулах талаар энэхүү уулзалтаар ярилцсанаа нотолж уг зорилтыг тэмдэглэсэн дурсамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Ж.Рогге нар гарын үсэг зурлаа. Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МҮОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Байт харвааны спортын параолимпийн аварга Д.Баатаржав болон бусад төлөөлөгчид оролцов.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш