5-р цахилгаан станцыг хөлийн голын хөндийд барих засгийн газрын шийдвэр гарснаас хойш 2 сар гаран болж байна. Гэвч станцыг хөлийн голын хөндийд барих боломжтой эсэхийг эцэслэн шийдэх байгаль орчны нөлөөллийн үнэлгээ одоо хэр нь дуусаагүй байна. Ажил чухам яагаад удаашралтай байгааг манай сэтгүүлч тодрууллаа.
Удаашралтай байгаа ч станц барих 42 га газартаа байгаль орчны нөлөөллийн үнэлгээг эхлүүлсэн гэж албаныхан хэлж байна. 5-р цахилгаан станцыг БЗД 11-р хороо, Хөлийн голын хөндийд барих засгийн газрын шийдвэр аль 5 сард гарсан ч энэ нь шууд шаваа тавьж, шороо ухаад эхэл гэсэн үг биш. Тиймээс өмнө нь хийгдэж байсан техник эдийн засгийн үндэслэлийг шинэчилж, зураг төслийг нь хөлийн голын хөндийд тохируулан гаргахаас эхлээд тоо тооцооллын чанартай ажил барагдахгүй байгааг албаныхан учирлалаа. Ямар ч байсан ерөнхий үнэлгээний ажил дууссан. Ирэх 7 хоногоос байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажилдаа орох ажээ.