Монгол оросын хамтарсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн жил Хадгаламж банкийг гадаадаас их хэмжээний зээл авахад нь баталгаа гаргаж өгсөн болохыг зарим эх сурвалжууд хэлж байна. Энэ нь ч тус үйлдвэрийг санхүүгийн хувьд хүнд байдалд оруулахад нөлөөлсөн байж болохыг үгүйсгэхгүй байна. Энэ онд Эрдэнэт үйлдвэрийн экс удирдлагуудтай холбоотой 2012 оны санхүүгийн үйл ажиллагаанд үндэсний аудитын газраас шалгалт хийсэн байна. Тус үйлдвэрийн санхүүгийн нөхцөл байдалд сүүлийн 10 жил аудитын тухай хууль ёсоор хараат бус аудитын хувийн компаниуд шалгалт хийсэн. Харин энэ удаа үндэсний аудитын газар өөрсдөө Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн тайланд шалгалт хийж үзээд дахин нягтлах олон сэжигтэй баримтуудыг олж тогтоосон байна.
Эрдэнэт үйлдвэрийн зөвхөн санхүүгийн тайлангаас л гэхэд 557.6 тэрбум төгрөгийн зөрчил дутагдал илэрчээ. Энэ бол урьд жилүүдийнхтэй харьцуулашгүй өндөр тоотой зөрчил байсан гэж үндэсний аудитын газрын мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулбал 2011 онд улаанбаатар аудит 22.4 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн бол Эрнст Янг 69.3 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлжээ. Харин үндэсний аудитын газрын илрүүлсэн 557.6 тэрбум төгрөгийн зөрчил нь одоогийн эрдэнэт үйлдвэрийн мөнгөн хөрөнгийн зохистой харьцаа алдагдаж хүнд нөхцөлд орчихсон байгааг ч баталж байна.
Нөхцөл байдлыг хүндрүүлэх шалтгаан болсон олон зөрчлүүдээс зөвхөн ганцыг нь дурдахад л Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс нийлүүлдэг байсан ган бөмбөлөгийн худалдан авалт. 2011 онд :арханы төмөрлөгийн үйлдвэрээс 1 тн ган бэлдэцийг 920 ам доллараар худалдаж авах гэрээ байгуулсан. Гэвч энэ гэрээг :арханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал Эрдэнэцогт хүчингүй болгожээ. Хүчингүй болсны дараа МҮХК гэсэн компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ган бэлдэцийг 715 доллараар авч Эрдэнэт үйлдвэрт 920 доллараар зарах болсон байна. Өөрөөр хэлбэл дундаас нь 2.8 тэрбумын ашиг олсон гэсэн үг. Яг ийм жишгээр Аж богд трейд, Эс Си Эм компаниуд ган бэлдэц нийлүүлэн дундаас нь 4.9 тэрбум нийлээд улсын үйлдвэрийн орлого болох ёстой 7.7 тэрбум төгрөгийн ашгийг хуваан авчээ. Бас нэг томоохон зөрчил бол Оросын талын бүтээгдэхүүн нийлүүлэгчидтэй холбоотой.
Бараа худалдан авалт хийхдээ тендер зарладаггүй байснаас гадна анх зөвлөлийн хурлаар баталсан үнийн дүнгээ ямагт өсгөж бүтээгдэхүүн худалдаж авч байсан нь тогтоогджээ. Ижил төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэтэй харьцуулсан жишгээс үзэхэд өнгөрсөн жил зөвхөн том оврын техник хэрэгсэл дээр 10 тэрбум 700 сая төгрөг хэмнэх боломжийг алдсан байх юм. Энэ бол зөвхөн санхүүгийн аудитын шалгалтын аудитын дүнгийн наад захын жижиг жишээнүүд. Аудитын 5 төрөл байдгаас зөвхөн нэгээр нь шалгахад гарсан зөрчлүүд гэлээ. Цаашлаад хуулийн хэрэгжилтийн гүйцэтгэлийн гээд санхүүгийн тайлангийн аудитаар ч дахин шалгах нягтлах хэрэгтэй гэсэн дүгнэлтиийг үндэсний аудитын газраас гаргажээ.