УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж, Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн Нийслэлийн иргэдийн хурлын шийдвэрийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр ярихдаа:
-Би сая УИХ-ын хаврын чуулганы завсарлагаар тойрогтоо ажиллаад ирлээ. Жанжин Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүний хувьд олон түмний дуу хоолойг хүргэх гэсэн юм. 1921 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, ардын хувьсгалын түүхэн үүрэг ролийг бүдгэрүүлэх гэсэн үйл ажиллаагааг таслан зогсоохыг олон түмэн шаардаж байна. Монголчууд 1921 оны долдугаар сард улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхэн үйл явдлыг бүдгэрүүлнэ гэдэг бол ноцтой асуудал. Энэ талаар гаргасан Нийслэлийн иргэдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр бус, учир нь "Сүхбаатарын талбай" гэдэг нэрээрээ түмэн олныхоо сэтгэл зүрхэнд хоногшсон энэ талбайг ийнхүү нэрлэх шийдвэрийг тухайн үеийн Монголын төр гаргасан, төрийнхөө энэ шийдвэрийг үе үеийн улс төрийн хүчин хүндэтгэн дээдлэх ёстой атал аль нэг улс төрийн хүчин, хэн нэг баатар гарч ирээд үгүйсгэх ёсгүй. Монголын түүх дөрөв дөрвөн жилийн мөчлөгтэйгөөр өөрчлөгддөг байвал түүхэн үнэн гажиж, тусгаар тогтнол маань сэвтэнэ. Энэ асуудлыг иргэд, олон нийтийн саналыг авч байж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэх учиртай. Тиймээс би УИХ дахь бие даасан гишүүдийн өмнөөс бус ард түмний төлөөлөл болж буй хувь гишүүнийхээ хувиар улс төрийн хоёр хүчинд хандан үгээ хэлэх гэсэн юм. Монгол улсын түүхэн үнэн, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө улс төрийн аливаа хүчин, нийт иргэд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Бүхэл бүтэн 100 жилийн түүхийг өөрчлөх ёсгүй, Чингисийн талбайн хувьд энэ асуудлыг Төрийн ордноо шинэчлэх асуудалтайгаа хамтад нь шийдвэрлэх боломжтой. Түүх түүхээрээ үлдэж, монголчууд бид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан зоригт хөвгүүдийнхээ баатарлаг үйлсийг хүндэтгэх ёстой юм гэлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.