logo
Дэмбээ даргын нас сүүдэр моодонд оров

Дэмбээ даргын нас сүүдэр моодонд оров

2011/08/25
Дөнгөж саяхан Монголд айлчлаад буцах гэж буй БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Баг-ийн  тухай манай нэлээд нэртэй нэгэн сайтад “70 настай бульдозер”  хэмээн бичжээ. Тэгээд бас түүнийг далан настай гэхэд толиотой харагдаж байгааг нь ч онцолсон байна билээ.  Үүнтэй зэрэгцэн өдөр тутмын нэгэн сонинд  “үе тэнгийн үхэр, хонин жилтнүүд” Монголд айлчилсан бөгөөд тэднийг манай эрхэм Улсын Их Хурлын даргатай тоолбол нас, бие чацуу хэмээн мөн бичсэн харагдана.
Тэгэхээр нь сонирхон лавшруулаадахсан чинь нээрээ л сонин тохиолтой айлчлалууд болж өнгөрч бас болох гэж буй аж.  Юу гэвэл, АНУ-ын дэд ерөнхийлөгч ноён Жозеф Баден 1942 оны арваннэгдүгээр сарын 20-нд төрсөн гэнэ. Дашрамд дурдахад, түүний өмнөх дэд ерөнхийлөгч Дик Чейни ч 1941 оны нэгдүгээр сард төрсөн гэж байна.
Харин далан настай ч хөнгөн шингэн харагддаг гэгдээд буй эрхэм ерөнхийлөгч Ли Мён Баг 1941 онд төрсөн юм билээ. Түүний өмнөхийн өмнөх  БНСУ-ын 15 дахь ерөнхийлөгч ноён Ким Дэ Жун гуай  бүр 1924 онд төрсөн гэж байгаа. Тэгэхээр Ли Мён Баг ерөнхийлөгч  Солонгостоо бол  хавьгүй залуу улс төрчид тооцогддог байх нь. Ганц Солонгос ч биш манайхаас бусад олон улс гүрэнд жар, дал гарсан хүмүүс төрийн жолоо атгалцан, төр засгийн  удирдах ажил хийж яваа. Энд өгүүлж буй жишээ бол тэд манай оронд айлчилсан учраас хамгийн ойр, бодит баримт болж байна гэх үү дээ. Тэгээд ч тун удахгүй бас хоёр эрхэм Монголд айлчилж ирэх гэж байна.
 БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны улс төр, хуулийн хорооны дарга ноён Жоу Юнкан төрийн айлчлал хийхээр ирэх бол манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар  Финляндын ерөнхийлөгч, эрхэмсэг хатагтай Тарья Халонен мөн төрийн дээд хэмжээний айлчлал хийх гэж байна. Энэ эрхэмсэг хатагтайн тухай сонирхож үзвэл тэрээр мөн л 1943 оны арванхоёрдугаар сарын 24-нд Хельсинк хотноо мэндэлсэн байх юм.
БНХАУ-ын эрхэм зочин, ноён Жоу Юнкан ч ялгаагүй 1942 онд төрсөн юм байна. Ингээд л хоорондоо хэдхэн хоногийн зайтай манай улсыг зорин ирсэн болон ирэх гэж буй  гадаадын улс, гүрний удирдагчдын нас, зүсийг тольдвоос бүгд л эрхэм Спикер Д.Дэмбэрэлтэй маань ёстой л үе тэнгийн үхэр, хонин жилтнүүд болж таарлаа.  Нас бол зүгээр л тоо гэдэг шиг монголчууд бид нэгнийгээ дөч дөнгөж хэвийж, тавь жар гарангуут нь хөгширлөө, хоцрогдлоо энэ тэр гэдэг илүү үгээ ер нь заримдаа гээж орхивол яасан юм гэж бодогдоод явчих нь юу вэ.
Н.Тунгалаг
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш