Хэдэн тугал "амиа хорлосон" шахуу шуугиан дэгдээж, олны анхаарлын төвд байсан Дорноговь аймгийн Улаанбадрах сум, “Кожеговь” компани, малчин Д.Норсүрэн нарын дунд гарсан маргаан хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр цацагдаж байсан цаг саяхан. Ашиг сонирхол, "нийгмийн идэвхи"-ээр жигүүрлэсэн хэн бүхэн л энэхүү асуудлыг барьж авч, хэвлэлийн хурал зарлаж, хэвлэлийн хуудсыг эрээлж байсан. Буруутан хэмээн засгийн газар нь адлагдаж, зарим нэг нь Дорноговьд очиж, Улаанбадрах сумын иргэдтэй уулзаж, баримт материал бүрдүүлж байсан ч гэлцдэг.
Энэ мэт асуудлууд боссоор Засгийн газар ажлын хэсэг байгуулан, нилээд хэмжээний мөнгө /90 гаруй тэрбум/ төгрөг үрсэн ажил болоод өнгөрсөн байдаг. Тэгэсхийгээд намжсан энэхүү хэрэг одоо дахин босож ирж болзошгүй болоод байна. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний маргааш нь л “Кожеговь” компанийн захиалгаар “Ордгео” компанийн хоёр өрмийн баг Дорноговьд ажиллаж эхэлжээ.
Энэ бүхний ард нөгөө л алдартай “Арева” компани байгааг хэн бүхэн одоо ч гадарлаж байгаа. Өдгөө “Ордгео” компанийнхан Зүүнбаян багийн бараг хажууд нь өрөмдлөг хийж, хайгуулын ажлаа үргэлжлүүлж байна. Энэ бүхнээс үндэслэн “Арева” компани дорноговийн Зүүнбаянд ураны олборлолт хийх бэлтгэлээ улам базааж байгаа бололтой. хэдийгээр Дулаан уул болон Улаанбадрах сумынхан нэгдэж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа ч уран олборлолтоороо дэлхийд алдартай “Арева” компани үйл ажиллагаагаа цаашид улам эрчимжүүлэх нь үүнээс тодорхой харагдаж байна.