logo
Хүчирхийлэлээс хамгаалах дотуур хувцас бүтээжээ

Хүчирхийлэлээс хамгаалах дотуур хувцас бүтээжээ

2013/07/25
 
 
Мэдээлэл, технологийн эрин зуунд хүн гээч болох болохгүй бүхнийг зохион бүтээж, турших болжээ. Цахилгаанаар явдаг машин, 3D технологи, бэлгэвч, хувцас, хоол хүнс гэх мэтээр бүх л төрөлд шинэ, шинэлэг бүхнийг эрэн хайж, зохион бүтээсээр байна. Эдгээрийн нэг илрэл нь  хүчирхийлэлээс хамгаалах дотуур хувцас.
 
Энэ нь эмэгтэйчүүд эрчүүдийн өмнө хүчин мөхөстөж, хүчирхийлэлд өртөх үзэгдэл гарсаар байгаа өнөө үед тун ч хэрэгтэй зүйлийн нэг болоод байна.  Үүнээс үүдэн орчин үед эмэгтэйчүүд бие хамгаалах шинэ боломж нээгдэж байгаа нь хүчирхийлэгчийг эсэргүүцэх цахилгаан гүйдэл ялгаруулдаг дотуур хувцас ажээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн нийслэл Дели хотод 23 настай эмэгтэйг автобусанд явж байхад нь зургаан эр хүчирхийлж улмаар амь насанд нь хүрсэн аймшигт хэрэг гарсан. Түүний дараа ч цуврал хүчингийн хэргүүд гарсаар байгаа. Олон улс оронд эмэгтэйчүүд эдгээр хэргүүд гарч эхэлсэн цагаас эхлэн гудамж талбайд хүчирхийллийн эсрэг тэмцэх болсон. Эмэгтэйчүүдэд учрах  хүчирхийллийн эсрэг  улс орнуудын төр засгийн зүгээс дорвитой алхам хийж чадахгүй өнөөг хүрээд байна.

Тэгвэл саяхан Энэтхэгийн "Нисэх хүчний инженерийн сургууль”-ийн Маниша Мохан ахлагчтай хэсэг оюутнууд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дотуур хувцас зохион бүтээжээ. Энэ хувцасны тусламжтайгаар охид бүсгүйчүүд хэн нэгний дарамт хүчирхийллийг эсэргүүцэхэд хүрэлцэхүйц хүчтэй болох гэнэ. Учир нь энэ хувцас  өөрөөсөө цахилгаан ялгаруулдаг бөгөөд хүчирхийлэхийг завдсан хүмүүс цахилгаан гүйдэлд цохиулах аж. Энэ хувцас нимгэн, торгон материалаар хийгдсэн бөгөөд дотуур нь утсан холболт хийж өгчээ. Гэхдээ гаднаас харахад энгийн хувцаснаас огт ялгарахгүй. Энэ хамгаалалтын цахилгаан дотуур хувцас нь 3800 киловольтын цахилгаан гүйдэл ялгаруулж хүч хэрэглэх гэсэн этгээдийг эсэргүүцэх ажээ.

Тусгай зориулалтын энэ хувцас нь эмэгтэйн биед нөлөөлөхгүй. Учир нь хувцаснаас ялгарах цахилгаан гадагшаа чиглэхүйцээр тоноглолыг суурилуулсан байх аж. Мөн түүнд GPS суурилуулжээ. Хувцас худалдан авсан эмэгтэйчүүд амьдарч буй хот, дүүргийнхээ цагдаагийн газарт бүртгүүлэн холбуулна. Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэй тусгай зориулалтын товчлуур дарснаар цагдаагийн газарт мэдээлэл ирэх юм. Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийн хүчирхийллийг зогсоох арга замыг энэтхэгийн залуу зохион бүтээгчид эрэлхийлсээр байна.


Зохион бүтээгчид тусгай зориулалтын энэ хувцсыг "SНЕ” хэмээн нэрлэжээ.  Энэ шинэ төрлийн дотуур хувцсыг энэ зунаас худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Шинэ төрлийн энэхүү дотуур хувцасны эрэлт нэлээд их байгаа бөгөөд худалдаанд гарвал хурдан борлуулалттай зарагдах нь гэсэн зах зээлийн судалгааг ч хийгээд авчээ. Хэрэв энэ хувцас амжилттай бүтээгдэж, ашиг тусаа өгч чадвал авч чадвал дэлхийн зах зээлд ч мөн маш хурдан түгэх боломжтой. Ингэснээр эрчүүд ч өөрийн хайртай , хүндтэй, эрхэм эмэгтэйчүүдээ харгис, хэрцгий, хүн чанаргүй этгээдүүдийн бузар халдлагаас хамгаалах бас нэгэн боломжийг олгох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш