logo
Эрчим хүчний компаниудыг алдагдалгүй болгох гэж тариф тогтоодоггүй

Эрчим хүчний компаниудыг алдагдалгүй болгох гэж тариф тогтоодоггүй

2013/07/26

Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийг үр ашигтай эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэхэд чиглэсэн үнийн шинэ зохицуулалтыг баталсан. Шинэ зохицуулалтаар, цахилгаан эрчим хүчний үнийг цагаар биш, хэрэглээний хэмжээгээр зохицуулахаар заасан байна. Тодруулбал сардаа 150 кВт цахилгаан эрчим хүчний хэрэглээтэй өрхийн эрчим хүчний үнийг одоо мөрдөгдөж байгаа үнээр нь үлдээж, 79 төгрөг байхаар тогтоожээ. Харин 150-аас дээш хэрэглээтэй өрхийн эрчим хүчний үнийг 96 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон байна. Энэхүү шинэ зохицуулалтын талаар Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулалтын газрын дарга С.Цэцгээгээс тодрууллаа.

-Үнэ нэмэх шийдвэрийг ямар шалтгаанаар гаргав. Энэ талаар тодруулаач?

-Тэгэхээр нөхцөл байдал үнэ нэмэх шалтгааныг бий болгож байна. Эрчим хүчний компаниудын алдагдлыг бууруулах гэж үнэ нэмж байна гэсэн буруу ойлголт нийгэмд төрөөд байгаа юм. Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний компаниудын бүх үйл ажиллагааны зардлаар тариф тогтоодоггүй. Зөвхөн цахилгаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, үйл ажиллагааны шаардлагатай зардалд тариф тогтоодог. Тийм учраас үрэлгэн зардлыг бүхэлд нь тариф болгож, ард түмний нуруун дээр үүрүүлэх гэж байна гэдэг нь гажуу ойлголт юм. Ер нь бол эрчим хүчний үнийг нэмэх бодитой шаардлага бий болсон. Төвийн эрчим хүчинд суурилагдсан хүчин чадал 793 МВт байна. Харин өнгөрсөн нэгдүгээр сард 875 МВт хүрсэн. Ирэх өвөл 960 МВт-д хүрэх гэж байна. Бид асар их хэмжээний импортын эрчим хүч авч байгаа. Одоогоор 355 сая орчим кВт цахилгаан эрчим хүч авч байна. Цаашдаа шинэ эх үүсвэртэй болохгүй бол энэ хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа. Импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнийн хувьд, дунджаар 127-128 төгрөг байдаг. Үүн дээр түгээх, дамжуулах үйл ажиллагааны зардал гэж 46 орчим төгрөг нэмэгдэнэ. Ингэхээр үндсэндээ бодит өртөг нь 170 орчим төгрөг болж байгаа юм. Тиймээс хэрэглэгчдэд импортоор орж ирж байгаа өндөр үнэтэй эрчим хүчийг ядаж худалдаж авах үнээр нь борлуулна гэсэн байр суурьтай байгаа юм.

-Айл өрхийн хувьд хэр зэрэг дарамт учруулах бол?

-Айл өрхийн хүрээнд олон төрлийн тариф мөрдөж байсан. Улаанбаатар хотын хэрэглэгчид орон сууц болон гэр хорооллоороо ялгагддаг. Эрчим хүчний зохицуулах хорооны гол байр суурь бол хэрэглэгчийг биш хэрэглээг аюулгүй болгох ёстой гэдэг үүднээс улс орон даяар төвийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон хэрэглэгчид маань 150 кВт цахилгаан эрчим хүчинд 79 төгрөг төлнө. Харин 150-аас дээш кВт эрчим хүчний үнийг 96 төгрөг 60 мөнгө байхаар шинэчлэн тогтоосон. 150 кВт нь ахуйн хэрэглээний наад захын хэрэглээг бүрэн хангах хэмжээнд байдаг. Смарт тоноглолуудыг авч хэрэглэлээ гэж бодоход, дунджаар дөрвөн ам бүлтэй айлын хэрэгцээг бүрэн хангана. Тэгэхээр ахуйн хэрэглээнд дарамт өгөхгүй гэж үзэж байгаа. Нөгөө талаас хэрэглээ өндөртэй газарт хэмнэлт хийх бололцоо асар их байдаг. Ахуйн хувьд зохих хэмжээний хэрэглээг хангах үнийг хэвээр нь үлдээе. Харин түүнээс цаашихад нь тодорхой хэмжээний үнийн өсөлт байх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймээс ахуйн хэрэглээндээ авч буй цахилгаан хэрэгслээ ямар хэмжээний чадал хэрэглэх вэ гэдгийг нь судалж худалдаж авах хэрэгтэй.

-Эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр бусад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлөх үү?

-Үнэ нэмнэ гэдэг ер нь харьцангуй ойлголт. Зохицуулах хорооны зүгээс цахилгаан дулаан үйлдвэрлэхэд ямар хэмжээний зардал шаардлагатай байна вэ гэдэг тарифаар үнээ тогтоодог. Түүнээс биш тухайн компаниудыг алдагдалгүй болгох гэж тариф тогтоодоггүй. Тийм учраас үрэлгэн зардал зэрэг эрчим хүчний бусад тарифтай холбож ойлгож болохгүй. Хэрэглэгчдэд ямар дарамт учрах вэ гэдгийг авч үзье. Эрчим хүчний үнийг хүчээр бариад байвал нийгэмд тогтож байгаа бүх үнэ худлаа болж эхэлнэ. Өөрөөр хэлбэл эдийн засгийн бодит үнэ биш болж эхэлж байгаа юм. Үүнээс гадна эдийн засагт хэрэглэгчийн урсгалд нөлөөлөх нөлөөллийг үздэг шинжилгээний аргууд байдаг. Тухайлбал мэдрэмжийн тухай асуудал энд яригдана. Хэрвээ эрчим хүчний үнэ тухайн компанийн үйл ажиллагаанд зохих хэмжээнд нөлөөлөхүйц хэмжээнд байвал тухайн компанийн эрчим хүч худалдан авалт нь буурч эхэлдэг. Сүүлийн арваад жилийн дотор эрчим хүчний үнэ дөрвөн удаа хөдөллөө. Энэ үед аль ч төрлийн хэрэглээнд хэрэглэгчийн хэрэглээ буурч байгаагүй. Тэгэхээр өнөөдрийн байдлаар жижиг зах зээл дээр эрчим хүчний үнэ нэмэгдлээ гэж тайлбарлаж байгаа болохоос энэ нь эдийн засагт бодитой нөлөөлж байгаа сөрөг хандлага гэж үзэхгүй байна.

-Тарифыг нэмснээр эрчим хүчний алдагдал хэдэн хувиар буурах бол?

-Өнгөрсөн жил үндсэн үйл ажиллагааны хувьд, 66.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Тарифын санал ирүүлсэн компаниудын саналыг нэгтгээд үзэхэд, хэрвээ тухайн компанийн нэхэж байгаа зардлаар өгч чадахгүй гэж үзвэл 130-аад тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар харагдаж байгаа. 130 тэрбум төгрөгийг тэр чигт нь хэрэглэгчийн тарифт суулгах ямар ч бололцоо байхгүй. Сая бидний хийсэн тарифын зохицуулалтаар үндсэндээ 70 орчим тэрбум төгрөгийн асуудлыг ярьж байгаа. Тэгэхээр үлдэж байгаа 60 орчим тэрбум төгрөгийн асуудлыг эрчим хүчний компаниуд өөрсдөө хариуцна. Өөрөөр хэлбэл хэмнэлт, дотоод хэрэгцээ, бусад зардлаа бууруулах зэрэг арга хэмжээг компаниуд өөрсдөө хариуцах ёстой юм.

-Эрчим хүч гэнэт тасарч, доголдох тохиолдол олон гардаг. Энэ үед хаана хандах ёстой байдаг вэ?

-Зохицуулах хорооноос баталсан нэг дүрэм бий. Иргэн Доржтой гэрээ байгуулахдаа эрчим хүчээр хангах гэрээ байгуулдаг. Тэрхүү гэрээнд эрчим хүчний доголдол аваар ослын улмаас тоног, төхөөрөмж гэмтвэл түүний шууд хохирлыг буруутай байгууллага хариуцна гэж заасан байдаг. Харамсалтай нь хэрэглэгчдийн хувьд, хууль эрх зүйн мэдлэг дутуу зэрэг шалтгаанаар хохирлын хэмжээг тогтоодоггүй. Мөн төдийлөн мэдрэмжтэй бус тоноглолууд хэрэглэж байгаа учраас хохирлын том тоо гардаггүй.

www.bloombergtv.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш