“Монголын нууц товчоо”, “Жангар”, “Гэсэрийн тууж” гурав бол Монголын соёл, утга зохиолын сор, тулгын гурван чулуу билээ. Тэдгээрийн нэг болох “Гэсэрийн тууж”-ийг ГХЯ-ны ууган дипломатуудын нэг, Др. Проф. Г.Төмөрчулуун испани хэлнээ хөрвүүлж, хэвлүүлэв.
Энэхүү эрхэмсэг сайхан уран зохиол нь Төвд, Монгол, Буриад, Тува зэрэг Төв Азийн олон ард тvмний дотор өргөн дэлгэрсэн бөгөөд аль ч утгаар нь аваад үзсэн эртний Грекийн “Одиссей”, Английн “Робин Гуд”, Оросын “Игорь ван”, Испанийн “Мио Сид”, Францын “Ролланы дуулал”, Германы “Нибелүнгүүд” гэх зэрэгтэй эн зэрэгцэн очих бүтээл юм.
Олон боть бичмэл Гэсэрийн тууж байхаас гадна, ардын vлгэрч, туульч нар “Гэсэрийн тууж”-ийн олон бvлгийг цээжээр дуулан хэлдэг байна. Монголын ард тvмний соёлын гайхамшиг єв болсон энэ зохиол анх 1716 онд модон бараар хэвлэгдсэн байдаг. Таван хошуу мал, тарвага, зурам, таанан цагаан гэр, нум сум, илд бамбай, эмээл, хазаар, чөдөр, тушаа, ааруул, ээзгий, аргал, хомоол – энэ бүхэн монголчуудын амьдралын салшгүй хэсэг бөгөөд энэ бүхний тухай “Гэсэрийн тууж”- д өгүүлнэ.
Др. Проф. Г.Төмөрчулуун нь “Монголын нууц товчоо”-г 2004 онд анх испани хэлнээ орчуулж Бүгд Найрамдах Куба Улсад 10 мянган хувь хэвлүүлсэн нь дээрх бүтээлүүд эхнээсээ испани хэлт Латин Америкт түгэн дэлгэрэх эхлэл болсон юм.