logo
ИТХ хуралдсан, эсэх маргаантай байна

ИТХ хуралдсан, эсэх маргаантай байна

2013/07/26
Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар ИТХ-ын нэр бүхий 12 төлөөлөгч шаардаж гарын үсэг зурснаа ИТХ-ын даргад зургадугаар сарын 12-нд хүргүүлсэн.  Төлөөлөгчдийн гуравны нэгийн шаардлагын дагуу ИТХ-ыг 15 хоногийн дотор хуралдуулах хуулийн заалт бий. Гэлээ  ч  товлон зарласан ёсоор ИТХ  шаардлагаас 38 хоногийн дараа буюу долдугаар сарын 20-ны өдөр болох байлаа. Төлөөлөгчид ч зарын дагуу цугларч. Гэтэл бас нэг саад гарав. Адаацаг суманд болсон нөхөн сонгуульд илт ялалт байгуулсан М.Уранчимэгийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудал дээр МАН-ын бүлэг маргаан үүсгэсэн. Аймгийн ИТХ дах хүчний харьцаа 17:17 болсон үед болсон үед нөхөн сонгуульд МАН ялагдсан нь энэ маргаан үүсэх үндэс болсон нь хэн бүхэнд тодорхой.  Сонгуулийн дүн гарсан хойно Ч.Уранчимэгийн нэр дэвшүүлэхдээ бүрдүүлсэн материалд  зөрчил байсан гэсэн гомдлыг МАН-аас гаргасан байна. Энэ асуудлаар анхан шатны шүүх  АН-ын талд шийдвэрээ гаргасан боловч  МАН шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалджээ.

            АН Ч.Уранчимэгийн төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх асуудлыг эхэнд хэлэлцүүлэх шаардлага тавьсныг МАН-ын бүлэг хүлээж аваагүйгээс хуралдаан эхэлж чадсангүй гацсан байна. Энэ тохиолдолд МАН-ын бүлэг өдөржин хуралдсаны эцэст өөр нэг гарц хайсан нь  МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн Н.Мэндсайханыг АН-ын бүлэгт элссэний учир эгүүлэн татах асуудал байлаа. Жагсаалтаар нэр дэвшин сонгогдсон төлөөлөгчийг намын санаачилгаар эгүүлэн татах асуудал аль ч хуулиар зохицуулагдаагүй нь МАН-ын бүлгийн “Шүдний өвчин” байсан юм. Гэвч энэ асуудлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд олонхийг бүрдүүлдэг талаа ашиглан хүчээр шийдэх замыг хууль зөрчин сонгосон байна. Мэдээж хууль бус шийдвэр тул Н.Мэндсайханы төлөөлөгчийн бүрэн эрх хадгалагдаж байгаа нь тодорхой. Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх, эс зөвшөөрөх  асуудлыг ИТХ-ын олонхиор буюу 50+1-ээс дээш ирцээр шийдэх хуулийг бас л зөрчин 17 төлөөлөгчийн буюу 48 хувийн ирцээр буюу нэг намын бүлэг дангаар ИТХ-ыг шөнө хуралдуулан жагсаалтын дараагийн хүн Д.Иш-Ёндонг “Төлөөлөгч” болгон  ИТХ 36 төлөөлөгчийн бүрэлдүүнтэй мэт болсон   байна.  Төлөөлөгчийн тоогоо 18 болсон гэж үзсэн МАН-ын бүлэг хуралдуулах шаардлага тавьсан АН-ын бүлгийн оролцоогүйгээр  Засаг даргын мөрийн хөтөлбөрийг гар өргөн “Баталсан” байна.

            Энэхүү “Хуралдаан” гэгчийг хууль бус гэж үзсэн аймгийн АН уул асуудлаар шүүхэд хандаад байна.  Ийнхүү бараг анхны хуралдаанаар хэлэлцэж шийдэх асуудлаа 7-8 хуралдаад ч шийдсэн эсэх нь маргаантай, эцэс төгсгөлгүй шүүхдэлт үргэлжилсээр байна.

            МАН-ын давж заалдсаны дагуу долдугаар сарын 25-нд шүүх хурал хийх болохоор МАН өмгөөлөгч шинээр авна гэх зэргээр арга саам хийн хойшлуулсан мэдээ ирлээ.

Энэ бүхэн  аймгийн Засаг дарга, МАН-ын дарга С.Сүхбаатарын бүтэл муутайхан найруулсан жүжгийн үргэлжлэл юм.  2012 оноос хичнээн ч удаа АТГ-т эрүү үүсгэгдсэн юм, хичнээн ч удаа шүүхдэлцсэн юм, тоо алдсан. Харин одоогоор АТГ-т сүүлийн эрүү үүсгэгдсэн хэрэгтээ үе үехэн дуудагдаж ирж очсоор яваа нь үнэнтэй. Түүний найруулсан олонхи жүжиг өөрийнх нь хувьд эмгэнэлтэйгээр төгсдөг тал бий. Сайнцагаан сумын Засаг дарга, сумын МАН-ын дарга М.Баянсанг өөрийгөө шүүмжилсний төлөө огцруулахаар МАН олонхийг бүрдүүлдэг сумын ИТХ дах хэдэн залууг хөөргөдсөн ч  нууц санал хураалтаар Засаг даргыг огцруулах санал гаргасан сумын  ИТХ-ын дарга Р.Мөнхтогтох огцорч харин эсрэгээр М.Баянсан суудалдаа үлдсэн. Ингэж “Өөд нь хаясан чулуу өөрийн нь толгой дээр” гэгч болохоор сумын хурал дах МАН-ын бүлгийн гишүүдээ өрөөндөө дуудан бүтэн өдөр хорьж байж ИТХ-ын огцорсон даргаа  нэг хоногийн дараа дахин дэвшүүлж сонгуулсан нь Монгол улсын түүхэнд л лав гараагүй улс төрийн бяцхан жүжиг болоод өнгөрсөн.

Сүхбаатар саяхан захирамж гарган Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Шатарыг халж, өөрийн намын дэд дарга асан О.Бат-Эрдэнийг сонгон шалгаруулалтгүйгээр орлон гүйцэтгэгчээр томилсон нь бас хэл ам дэгдээгээд байгаа. Ямар ч байсан орлон гүйцэтгэгчийг орлон гүйцэтгэгчээр сольсон нь өөр дээрээ ирсэн “Гал унтраах” бас нэг явцгүй арга байсан биз.

Саяны ИТХ-ын урд өдөр Сүхбаатар ЗДТГ-ынхаа хэлтсийн дарга Д.Дулмааг дуудан “ИТХ-ын өмнө чамайг халахгүй бол болохгүй нь. Ажлаа өгчих” гэж тулгасан байна. Хууль бус энэ шийдвэрийг Дулмаа  зөвшөөрсөнгүй. Харин түүний оронд АН-ын бүлэг дэх нэг нөхрийн найзыг Улаанбаатараас авчран томилж хэрвээ өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудал яригдвал нэг санал АН-аас “Зулгаах” хошин жүжиг найруулжээ. Одоо ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс ажлаа өгөөгүй, ажлаа аваагүй хоёр даргатай арав гаруй хонож байна.

Эрдэнэдалай, Өлзийт сумаас нэр дэвшсэн Засаг дарга нарыг ямар ч шалтгаангүйгээр томилолгүй хагас жил боллоо.  Үүнийгээ Сүхбаатар тайлбарлахдаа “Эрдэнэдалайд манай нам дөрвөн суудлаар илүү атал хоёр дахин хуралдахад дандаа АН-ын нэр дэвшигч Б.Лхагвамандал гараад манай хүн унаад байна. Тэгэхээр АН-ынхан манайхныг урвуулаад байгаа тул би арав дахин гарч ирсэн ч батлахгүй” гэдэг. Эрүүл ухаантай Засаг дарга ийм тайлбар хэлнэ гэдэг ч эргэлзэхээс яалтай. Ийм л хүн бүхэл бүтэн аймгийн ард түмний толгой дээр гарчихаад хууль бус үйлдэлдээ эрдэж   ард олныг доромжилж явна шүү дээ.

Дэглэсэн жүжиг болгоныхоо араас шүүхэд дуудагддаг, өөрөө заргын бичиг дээш доош нь үйлдэхээс өөр тоймтой юм хийдэггүй Сүхбаатар гэгч энэ Засаг дарга хууль эрх зүйн дээд боловсролын дипломтой төдийгүй докторын зэрэгтэй гэдэг ч хийсэн үйлдэл болгон нь хууль зөрчиж шүүхэд гаргасан нэхэмжлэлүүд нь “Унаж” байдаг аж. Харин зан ааш нь эвдэрч дур зоргоор авирлах болсныг  өмнөх Засаг дарга Чандманыг дэлдэж сүүлдэж байж хоёр жилийн өмнө тус аймагт  орлогчоор ирсэн үе,  одооны зураг хоёроос харахад л хэнд ч ойлгогдохоор, уншигдахаар байгаа биз.  “Шударга байцгаая гэж ярьдаг Элбэгдоржийн шүүх нэг намд үйлчиллээ” “Шинэчлэлийн нэртэй  хууль бус Засгийн газар” гэж орон нутгийн телевизээр удаа дараа “цоллодог”  Сүхбаатар мэтийн ийм хүмүүсээ Шинэчлэлийн Засгийн газар  багаасаа хурдан цэвэрлээсэй. Голын урсгал ч хог буртгаа “Долоон тохой тойрохдоо бүрэн цэвэрлэдэг” гэдэг дээ.

Аймгийн ИТХ хуралдсан, эсэх нь маргаантай, асуудал шүүх дээр очоод  байна. 

С.ПҮРЭВСҮРЭН
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш