logo
Зуслангийн зарим айлуудад 43 цагийн хугацаанд цахилгааны хязгаарлалт хийх техникийн нөхцөл үүсчээ

Зуслангийн зарим айлуудад 43 цагийн хугацаанд цахилгааны хязгаарлалт хийх техникийн нөхцөл үүсчээ

2013/07/27
“Хайлааст” дэд станцын 110 кВ-ын ил хуваарилах байгууламжийг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдуулан зуслангийн зарим айлуудад цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас хэвлэлийн бага хурал хийлээ.
“Хайлааст дэд станцыг 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан бөгөөд Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн нийт 50 гаруй мянган хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний ачаалал хөнгөрч, хэвийн ажиллах боломжтой болсон юм. Гэвч тус станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн ихэнхи талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын сууриуд хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, чичирсэн байдалтай, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байна.
 
Тиймээс өвлийн их ачаалал эхлэхээс өмнө энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол тус дэд станцын эрчим хүчний найдвартай ажиллагаа алдагдаж,  Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Дарь эх, Долоон буудал, Чингэлтэй, Сэлбэ, Дамбадаржаа, Яргайт, зуслангийн чиглэлийн 50 гаруй мянган хэрэглэгч буюу 40 гаруй МВт цахилгаан эрчим хүч хязгаарлагдах нөхцөл бүрдэхээс гадна тухайн дэд станцад ажиллаж буй ажиллагсадын эрүүл мэнд, амь насанд аюул учрах, станцын найдвартай ажиллагаа алдагдах нөхцөл бүрдээд байна. 
 
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн зүгээс асуудлыг яаралтай шийдвэрлэхээр 07 сарын 01-ээс эхлэн станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд дэд станцыг бүрэн хүчдэлгүй болгож, 110, 35кВ-ын холболтын шинн, проталь, тулгуур босгох ажлыг 07 сарын 31-ний үүрийн 03:00 цагаас 08 сарын 01-ний 22:00 цаг хүртэл хийхээр төлөвлөжээ. Энэ ажлыг гүйцэтгэх хугацаанд дэд станцаас тэжээгдэж буй 35 кВ-ын Яргайт, 10 кВ-ын фидерийн нийт 38 681 айл өрх, аж ахуйн нэгж буюу ЧД-ийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооний эрчим хүчийг хязгаарлахаар болсныг мэдэгдэж байна. Холбогдох албаны хүмүүс хугацаа алдалгүй ажиллах учраас 43 цагт багтаан уг ажлыг дуусгана.
 
Тиймээс тухайн хэсэгт хамрагдаж буй хэрэглэгчидээс техникийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ажлаа зохицуулахыг хүсч байна. Тухайн хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газруудад аливаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх  талаар хамтран ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн” гэж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Равдандорж хэллээ.
 
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид  дэд станцыг анх барихдаа газрын хөрсийг судалж байсан эсэхийг тодруулахад, “Тухайн үед сонгуулийн жил байж таарсан учраас барихаар төлөвлөсөн газрыг сонгуулийн амлалттай холбоотой иргэд, айл өрхүүдэд олгосон. Тэгээд тухайн үеийн удирдлагууд нь хамгийн ойр сул байгаа газрыг чөлөөлж, барьсан юм байна лээ. Гэтэл тэр газар нь суулт өгч, өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгээд байна” гэсэн юм. Өнөөдрийн байдлаар дэд станцыг нүүлгэх ажил 70%-ийн явцтай байгаа бөгөөд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас 300-аад сая төгрөг зарцуулаад байна.
 
Гэвч цаашид дахин хөрөнгө гаргах шаардлагатай байгаа учраас нийслэлийн Засаг даргад асуудлыг танилцуулснаар 07 сарын 27-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл шуурхай хурал зарлаж, холбогдох албаныхныг байлцуулан, өвлийн улиралд хүндрэлтэй асуудал үүсэхээс сэрэмжлэх үүднээс  дэд станцыг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг яаралтай шийдвэрлэх, нүүлгэх ажлыг гүйцэтгэх явцад 43 цагийн хугацаанд тодорхой хэсэгт цахилгааны хязгаарлалт хийх болсон талаар иргэдэд урьдчилан мэдээлэх үүргийг холбогдох албаныханд үүрэг болгосон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш