Сүхбаатар дүүргийн XV хороо буюу Дамбадаржаагийн хуучин эцэст оршин суудаг иргэд “Олон жилийн турш эмх цэгцгүй, зорчиход хүндрэлтэй байсан зам маань хэдхэн хоногийн дотор хотын төвөөс ялгаагүй сайхан болж өөрчлөгдлөө. Бидний амьдрах орчин сайжирч гудамж, зам тохижиж байгаад баяртай байна” хэмээн ярьцгааж байна. Учир нь “Гудамж” төслийн хүрээнд нийслэлийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын тоонд Дамбадаржаагийн хуучин эцсийн гурван замын уулзвар багтсан юм.
Гэр хороолол дахь уг уулзварыг анх удаа гэрлэн дохиотой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчлэх ажлын зураг төслийг “Эйч Ай Би” ХХК боловсруулж, “Арц Суварга” ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэсэн юм.
Ийнхүү өмнө нь байнга түгжрэл үүсдэг, тээврийн хэрэгсэл болон явганаар зорчих, тухайн орчинд байрлах худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхэд хүндрэлтэй, хөдөлгөөний зохион байгуулалт нь эмх замбараагүй байсан энэ уулзвар гэрлэн дохиотой, авто замын зохих тэмдэг тэмдэглэгээтэй боллоо. Мөн тээврийн хэрэгслийн зорчих хэсэг нь өмнөхөөсөө өргөн, явган зорчигчийн зориулалтын замтай болж байгаа юм гэж Гудамж төслөөс мэдээллээ.