ОХУ-ын Холбооны зөвлөлийн Холбооны хурлын нэгдүгээр орлогч дарга А.П.Торшин 2013 оны 7 дугаар сарын 25-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэлийг хүлээн авч уулзлаа.
А.П.Торшин Гадаад харилцааны сайд, Европын орнуудад Элчин сайдаар ажиллаж байсан туршлагатай дипломатч манай улсад Элчин сайдаар томилогдон ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлэхийн ялдамд Холбооны зөвлөлийн дарга В.И. Матвиенкогийн мэндчилгээг уламжилж байна гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ манай хоёр улсын парламент хооронд сайн харилцаатай, цаашид улам идэвхжүүлэх, харилцан төлөөлөгчид байнга солилцох хэрэгтэй. Би зун болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр очсон, саяхан ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд уригдан оролцсон. Ёслолыг гадна талбайд ард түмэнтэйгээ хамт нээлттэйгээр зохион байгуулсан нь сэтгэлд ихэд нийцсэн тухай онцлон дурдлаа.
Мөн Байгалийн Эдийн засгийн чуулга уулзалтад монголчууд ихээхэн идэвхитэй оролцдог, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын мал аж ахуйн гаралтай хийгээд хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд энэ талбарыг үр дүнтэй ашиглах тал дээр хоёр талаасаа анхаарах хэрэгтэй байна гэлээ.
Элчин сайд Ш.Алтангэрэл цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархаад манай улсын сүүлийн хорин жилийн ололт амжилтыг өндрөөр үнэлж сайхан үг хэлсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ. Манай улс дэлхийн тэргүүлэх орнууд болох 2 том хөрштэйгээ тэнцвэртэй харилцах бодлого баримтладаг. ОХУ-тай олон жилийн найрамдалт харилцаатай. Түүхэн цаг үед манай улсыг “харанхуй хонгилоос гэрэлд гарахад” ЗХУ онцгой үүрэг гүйцэтгэснийг талархан тэмдэглэлээ. Цаашид найрамдалт харилцааг шинэ нөхцөлд өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна гээд манай хоёр улсын харилцаа улам ойртон бэхжих ёстой гэж би үзэж байна гэж Элчин сайд Ш.Алтангэрэл уулзалтын төгсгөлд онцлон тэмдэглэлээ.