logo
Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй бол газар эзэмших эрхийг цуцална

Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй бол газар эзэмших эрхийг цуцална

2013/07/29
Нийслэлийн Засаг дарга 2013 оны 3 сарын 18-нд “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307 дугаар захирамж, 2013 оны 3 сарын 15-нд Барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжуудийг тус тус гаргасан юм. Эдгээр захирамжийн хэрэгжилтийн талаар өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт барилга барихаар 307,5 га газарт зөвшөөрөл хүссэн 380 иргэн, хуулийн этгээдийн өргөдөлд нийслэлийн Засаг даргын А/309 дүгээр захирамжийн дагуу лавлагааны хуудас гарган өгч, түүнээс 70 иргэн аж ахуйн нэгжид 3033.9 сая төгрөгийн дуудлага худалдааны анхны үнийг ногдуулан нэхэмжилжээ. Эдгээрээс 47 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газрын дуудлага худалдааны анхны үнийг төлж, 1655,1 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Харин Нийслэлийн Засаг даргын А/307 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2003 оноос хойш төрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдтэй хамтруулан газар эзэмших эрх олгосон газруудын судалгааг гаргах, судалгаанд хамрагдсан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл тараах, дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэхээр ногдуулан төлүүлэх зэрэг ажлыг хийсэн байна.  Одоогоор тараах ёстой 261 мэдэгдэлээс 176-г  нь тараасан байна. Харин газар эзэмших гэрээ, гэрчилгээ огт бичигдээгүй 31 иргэн аж ахуйн нэгжийн газар байгааг тогтоосон бөгөөд эдгээрийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох саналтай байгаагаа Нийслэлийн өмчийн харилцааны газраас танилцууллаа.

Мөн газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөх тухай мэдэгдлийг 5 иргэн, аж ахуйн нэгж хүлээж авахаас татгалзсан бол 49 иргэн, аж ахуйн нэгжтэй холбогдож чадаагүй байна. Тиймээс нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд газрын дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай мэдэгдлийг хүлээж авахаас татгалзсан 5 аж ахуйн нэгж,  иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож, харин холбогдож чадаагүй 49 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлаж тодорхой заасан хугацааны дотор газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй тохиолдолд газар эмэмших эрхийг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ. Мөн зарим байгууллага, аж ахуйн нэгж иргэдээс ирүүлсэн саналын дагуу ногдуулсан үнийг бүрэн хэмжээгээр төлсөн этгээдтэй газар эзэмшүүлэх ашиглуулах гэрээг 12 сарын 1-ний дотор шинэчлэн зохион байгуулах тухай Нийслэлийн засаг даргын Захирамж гаргахаар тогтлоо.

Нийслэлийн Засаг даргын гаргасан “Газрын харилцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” А/307 дугаар захирамж болон Барилга байгууламж барих хүсэлт гаргасан тохиолдолд “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэх тухай” А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг улирал тутамд нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүдэд мэдээлж байх үүргийг холбогдох албаныханд өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш