Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабе ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, 7 дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдлоо. Өдгөө 89 настай Мугабе нийт сонгогчдын 61 хувийн дэмжлэгийг хүлээсэн бол түүний өрсөлдөгч ерөнхий сайд Морган Цвангирай 34 хувийн санал авчээ.
Цвангирай сонгуулийг луйвардсан гэж үзэж байгаа бөгөөд тэрээр "Манай Ардчилсан Өөрчлөлтийн төлөөх Хөдөлгөөн нам цаашид Мугабегийн Zanu-PF намтай хамтарч ажиллахгүй" гэж мэдэгдсэн байна. Учир нь тус 2 нам 2009 онд эвслийн засгийн газрыг байгуулсан юм. Өнгөрсөн долоо хоногт болсон парламентын сонгуульд Мугабегийн нам 158, харин Цвангирайгийн нам ердөө 49 суудал авчээ.
Ямартай ч АНУ болон Европын орнууд сонгуулийн дүнд үл итгэсэн байр сууринаас хандаж байгаа бөгөөд санал хураалтын үеэр зөрчил дутагдал гарсан эсэхийг нарийн шалгахыг уриалжээ.
"Zimbabwe Election Support Network" байгууллагын 7000 ажиглагч сонгуулийн үеэр ажилласан байна. Тус байгууллагаас мэдээлснээр ерөнхий сайд Цвангирайгийн "Ардчилсан Өөрчлөлтийн төлөөх Хөдөлгөөн" намын рейтинг өндөр байдаг хот суурин газруудад бүртгэлийн асуудлаас болж 1 сая орчим хүн саналаа өгч чадаагүй аж. Харин 70 орчим ажиглагч ажиллуулсан Африкийн Холбоо "Зимбабвегийн сонгууль хэвийн явагдсан" гэж мэдэгджээ.
Өдгөө 90 шүргэж яваа Мугабе 1987 оноос хойш ерөнхийлөгчөөр тасралтгүй ажилласан юм. Тэрээр 1980 онд буюу Зимбабве улс Их Британиас тусгаар тогтносон жил ерөнхий сайд болж байжээ.
РАЛЬДИЙ.А