logo
УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн “Хүндэт иргэн” боллоо

УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн “Хүндэт иргэн” боллоо

2013/08/05
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит дээд шагнал Өвөрхангай аймгийн “Хүндэт иргэн” цол, өргөмжлөлөөр шагналаа. Шагналыг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХурлын дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал, аймгийн ЗДТГазрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Ганболд нар болон бусад албаны хүмүүс гардууллаа. Тус шагналаар аймгийн хэмжээнд нийт 7 иргэн шагнагдсан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд 8 дахь иргэн болж байгаа юм.

   Өнгөрсөн 10 орчим жилийн хугацаанд Өвөрхангай аймгийг хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаныг үнэлж УИХ-ын дарга З.Энхболдод энэ шагналыг олгосон байна. УИХ-ын дарга З.Энхболд нь Өвөрхангай аймгаас төрсөн Монголын Парламентын 3 дахь дарга юм. 1924 онд П.Гэндэн УБХ-ын анхны даргаар сонгогдон ажиллаж байсан бол Д.Лүндээжанцан 2007 онд сонгогдож байжээ.

   Тус шагнал нь Өвөрхангай аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж гарамгай амжилт гаргасан буюу Өвөрхангай аймгийн нэр төрийг тив дэлхий, улсын хэмжээнд алдаршуулсан тус аймгийн харьяат болон уугуул иргэдэд олгодог юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш