logo
С.Эрдэнэ: Хугацааг сунгаж байгаа ч тэтгэврийн нэмэлтийг 2015 оноос тооцно

С.Эрдэнэ: Хугацааг сунгаж байгаа ч тэтгэврийн нэмэлтийг 2015 оноос тооцно

2013/08/05

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийн хугацаа өчигдрөөр дуусгавар болсон. Гэвч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс дээрх хугацааг хоёр сараар сунгахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгахаар болсон байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн иргэн бүртгүүлсэн байна вэ?

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжих хүрээнд долдугаар сарын 31- ний байдлаар улсын хэмжээнд 387574 хүн хамрагдсан дүн гарсан. Бид энэ төслийг боловсруулах үед хийсэн судалгаагаар хуульд хамрагдах боломжтой 700 гаруй мянган иргэн байгаа гэсэн урьдчилсан дүн гарсан.

Харин одоогийн байдлаар түүний 60 орчим хувь нь бүртгүүлсэн байна. Мөн маш олон иргэнээс хуулийн хугацааг сунгаж өгөөч гэх өргөдөл, гомдол, санал ирсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр / уржигдар/ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, хуулийн хэрэгжилтийн хугацааг сунгахаар боллоо. Гэхдээ тодорхой нөхцөлийн дагуу сунгах шийдвэр гарсан.

-Хугацааг хэдий хүртэл сунгахаар болов?

-ХАХНХ-ын сайдын тушаалаар Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийг ирэх аравдугаар сарын 1-н хүртэл сунгахаар болсон.

Хуулийн хэрэгжилтийн хүрээнд буюу наймдугаар сарын 1-нээс өмнө бүртгүүлсэн иргэдийн тэтгэвэрт орох өөрчлөлт, нэмэгдэл болон бусад зүйлийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж тооцох юм.

Харин наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд бүртгүүлсэн иргэдийн тэтгэврийн нэмэлтийг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж тооцно.

-Энэ нь ямар учиртай юм бэ?

-Наймдугаар сарын 15-наас Сангийн яаманд яамдын төсөв нэгтгэгддэг. Энэ хугацаанд дээрх хүмүүс амжихгүй. Үүнээс гадна тооцоо судалгаа хийх шаардлага гардаг учраас 2015 оны нэгдүгээр сараас эхлэн тооцох нь зүйтэй гэж үзсэн.

Анх энэ журам гарахдаа ирэх оны нэгдүгээр сараас төсвийн жилд багтааж ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийг баталсан. Гэтэл иргэд маань үүнд үнэхээр хайнга ханддаг.

Сүүлийн өдрүүдэд аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд маш ачаалалтай, илүү цагаар ажилласан. Ингээд ч бүртгэлийн ажлыг дийлэхгүй байсан. Харин өнөөдрөөс /өчигдөр/ эхлэн энэ илүү цагаар ажиллахыг зогсоож, ердийн цагийн хуваариар ажиллана.

Харин ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдон байгуулсан ажлын хэсэг хэвээр ажиллаж, энэ чиглэлийн тодорхой арга хэмжээг авна. Тэгээд аравдугаар сарын 1-нээр энэ хуулийн хэрэгжилтийн хугацаа дуусна гэдгийг анхааруулмаар байна.

-Ажилласан жил, тэтгэврийн даатгалаа нөхөн тооцуулахаар хандаж буй иргэдийн нас болон, хүйсийн харьцаа нь ямар байв?

-Нийт 387574 хүн бүртгүүлсний 45 хувь нь эрэгтэй, 55 хувь нь эмэгтэй. Ажилласан жилээ нэг жилээр нөхөн тооцуулахаар 18239 хүн бүртгүүлсэн. Харин 2-4 жилээр нөхөн тооцуулахаар 69691 хүн, 5-8 жилээр 157825 хүн, 9-11 жилээр 141806 хүн бүртгүүлсэн байна.

Мөн ажилласан жилээ нөхөн тооцуулахаар өргөдөл гаргасан нийт хүмүүсийг насны ангиллаар нь авч үзвэл 30 доош насны 2013, 3140 насны 116255, 41-50 насны 163759, 51-60 92642, 61-ээс дээш насны 12900 хүн байгаа юм.

Бидний хувьд энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аль болох иргэдэд чирэгдэл учруулахгүй байх үүднээс Цагдаагийн ерөнхий газраас авах лавлагааг нэгдсэн журмаар авч байхаар зохицуулсан. Түүнчлэн Архивын лавлагааны үнийг 50 хувь буруулсан.

Харин гадаадад байгаа иргэдийг НДЕГ-ын цахим хуудсаар орж, бүртгэлээ хийлгэсэн тохиолдолд Монгол Улсад байгаа ар гэрийнхэн нь тухайн бүртгэлийг үндэслэн оршин суугаа газрын Нийгмийн даатгалын газарт хандан бүртгүүлж болох нөхцөлийг бүрдүүлсэн. Харин Солонгос улсад ажиллаж байгаа иргэд тус улсад байх Нийгмийн хамгааллын төвд очиж бүртгүүлэхээр болсон.

Түүнчлэн томоохон худалдааны төвд ажиллаж байгаа болон гар аргаар бичил уурхайд ажиллаж байгаа иргэдийг тухайн ажил үйлчилгээ явуулж байгаа байршлын Нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилласан жилээ нөхөн тооцуулах боломж бүрдүүлсэн.

Харин хорих ангид ял эдэлж байгаа иргэдийг тусгай журмын дагуу бүртгэсэн. Тухайлбал, ШШГЕГ-аас судалгаагаар 755 хоригдол ажилласан жилээ нөхөн тооцуулах өргөдөл гаргасан.

-Иргэд архивын лавлагаа авахад хүндрэлтэй, бичиг баримт нь олдохгүй бэрхшээлтэй байгааг хэлдэг. Энэ үндэслэлтэй юу?

-Тийм зүйл байхгүй. Бид тухайн иргэнд аль болох ашигтай тал дээр анхаарч хуулийг боловсруулсан. Үндсэндээ ажилласан жил нь тодорхойгүй, байгууллага нь татан буугдсан, архивын бичиг баримт олдохгүй байгаа тохиолдолд тухайн аймаг, дүүрэг, сум хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн ажилласан жилийг тооцож явах боломжоор бүрэн хангасан. Үүн дээр ямар нэгэн хүндрэлтэй нөхцөл байхгүй. Өөрөөр хэлбэл, иргэдэд нээлттэй, боломж олгосон нөхцөлөөр ажилласан.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш