logo
Н.Алтанхуяг: Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай дуусгах ёстой

Н.Алтанхуяг: Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай дуусгах ёстой

2013/08/06

Долоо хоног бүрийн даваа гарагт болдог “Бүтээн байгуулалтын цаг” ээлжит уулзалт болж, улс орон даяар өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын талаар салбар яамдаас мэдээлэл хийлээ. Дорнод аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын барилгын ажлыг 6 компани гүйцэтгэж, ажлын явц 35 хувьтай байгаа юм. “Насны зам” болон “Чайна жео инженеринг” ХХК-уудын ажлын гүйцэтгэлийн явц муу байгаа гэдгийг салбарын сайд нь хэллээ. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Засгийн газар нэг компанийг шахаж шаарддаг ажил хийхгүй. Хийж чадахгүй бол гэрээг нь цуцалж, өөр компаниар гүйцэтгүүлэх боломж байгаа” гэдгийг хэлсэн. Хөвсгөл аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбох ажил 22 хувьтай байгаа бөгөөд тус ажлыг гүйцэтгэж буй БНСУ-ын “Beak Seok” компанийн гэрээг цуцлахаар болжээ. Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн авто зам наадмын өмнө ашиглалтад орно гэж байсан ч 8 сарын 24 хүртэл хойшилсон юм. Үүнийг салбар яамныхан бороо орж, технологийн горим алдагдахад хүрсэнтэй холбон тайлбарлаж байлаа. Харин Ерөнхий сайд цаг зуурын бэрхшээл зовлон тоочилгүй иргэдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажлаа цаг хугацаанд нь чанартай дуусгахыг захилаа. Мөн шинээр зам тавих болон засвар шинэчлэлийн ажлын стандартыг эргэн харж, зураг төсөв, гүйцэтгэл, хяналтын уялдааг хангах хэрэгтэйг албаныхан хэлж байна.

“Шинэ төмөр зам” төслийн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын явц 32.9 хувьтай байгаа, баяр наадамтай холбоотойгоор графикт хувиараасаа хоцорч байгааг нөхөх үүрэг өгсөн гэдгийг Зам тээврийн сайд А.Гансүх мэдэгдлээ.

 

Мөн “Гудамж төсөл”, V цахилгаан станц, Налайх дахь цэвэрлэх байгууламж, Яармагийн замыг өргөтгөх, 12 байршилд гэр хорооллын инженерийн дэд бүтэц байгуулах ажил, 22-ын товчоо болон Чингисийн хөшөөт цогцолбор чиглэлийн авто замын ажлуудын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм. Ирэх 7 хоногт Гудамж төслийн хүрээнд X хорооллын уулзварыг нээх бол 5 байршилд гэр хорооллын инженерийн дэд бүтэц байгуулах ажил эхэлсэн, бусад нь судалгаа, гэрээний түвшинд явааг хариуцсан сайдууд дуулгалаа. Яармаг-Мишээл экспо чиглэлийн 1.8 км авто замыг өргөтгөх ажил энэ 7 хоногт эхэлнэ гэлээ. 

Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь чанартай дуусгах ёстой. Удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлж, гүйцэтгэж чадахгүй байгаа компаниудтай хариуцлага тооцож, гэрээг нь цуцалж, чаддаг компаниар нь хийлгэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш