logo
Сурагчид Монголдоо үйлдвэрлэсэн чанартай дүрэмт хувцасаар гоёно

Сурагчид Монголдоо үйлдвэрлэсэн чанартай дүрэмт хувцасаар гоёно

2013/08/06

“Чингис” бондын хөрөнгөөс 51 тэрбум төгрөгийг ноос, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зарцуулахаас өнөөдрийн байдлаар 23 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хүү багатай зээлийг үйлдвэрлэгчдэд олгоод байна. 140 гаруй оёдлын компанийг нэгтгэсэн “Оёдлын нэгдсэн холбоо”-д 3100 гаруй оёдолчин ажиллаж, сурагчийн дүрэмт хувцсыг анх удаа дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна.  Өнөөдрийн “Бүтээн байгуулалтын цаг”-т Оёдлын нэгдсэн холбоо болон Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл оролцож, мэдээлэл хийлээ. 

Нийт 522 мянган сурагчийн дүрэмт хувцасыг үйлдвэрлэж, энэ оны 11 сар гэхэд бүх сурагчийг Монгол хонины ноосоор үйлдвэрлэсэн даавуугаар дотооддоо урласан дүрэмт хувцасаар хангах юм. Хичээлийн шинэ жил гэхэд бага ангийн буюу 1-3 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцас бэлэн болох бол 9 сарын 20-нд 4-5 болон дунд ангийн сурагчдынх, 10 сарын 30 гэхэд ахлах ангийн сурагчдын дүрэмт хувцасыг бүрэн нийлүүлэх юм. 

Дүрэмт хувцас 2-3 жилийн эдэлгээ даах чанартай материалаар хийгдэж байгаа бөгөөд 40 хувийн ноос, 60 хувийн полистр хольцтой ажээ. 

Сурагчийн дүрэмт хувцас өмнөх жилүүдэд худалдаалагдаж байсан үнээс 2400-14 000 төгрөгөөр нэмэгдсэн хэдий ч даавууны чанар, эдэлгээ  сайжирсан бас сонголттой болсон гэдгийг үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш