logo
Үерийн улмаас үүссэн 4000 тн хогийг цэвэрлэв

Үерийн улмаас үүссэн 4000 тн хогийг цэвэрлэв

2013/08/06

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын А/392 тоот захирамжийн дагуу тус дүүргийн 11-р хороонд үер буусны улмаас үүссэн хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг долоон хоногийн турш дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтэс, Цэргийн штаб, Нийтлэг үйлчилгээний газар, Онцгой байдлын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, 11-р хороо хамтран зохион байгуулж ажиллажээ.

Байгалийн гамшгийн улмаас Баянзүрхийн товчооноос Хонхорын эмийн ургамал хүртэлх 20 мянган га талбайд үүссэн хог хаягдлыг Дотоодын цэргийн 014 дүгээр ангийн 50 цэрэг, 11 дүгээр хорооны ажилгүй 100 иргэнийг түр ажлын байраар хангаж Хөдөлмөрийн хэлтсээс цалинжуулан ажиллуулсан байна.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, үерийн далан гуу, жалга болон үерт өртсөн айл өрхийн хашаа, мөн авто зам дагуух байршлуудад цэвэрлэгээ хийж нийт 4000 тн хог хаягдлыг 200 рейсээр цэвэрлэж тээвэрлэсэн аж. Түүнчлэн өмнөх жилүүдийн үерийн усны улмаас үүссэн гуу жалгыг 100 машин элс, 20 машин дайрга асган дарж, булах ажлыг хийсэн байна.

Харин үерийн аман дээр буусан хоёр иргэний хашааг буулган үерийн ус зайлуулах шуудуй гарган Хөлийн голын гольдрол руу нийлүүлж дахин үерийн гамшиг үүсэхээс сэргийлэх арга хэмжээг авсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш