logo
Далан давхарыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар хэлэлцүүлэг болно

Далан давхарыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар хэлэлцүүлэг болно

2013/08/07
Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар олон нийтийн сүлжээ, сайт болон гар утсаар дамжуулан иргэдээс санал асуулга зохион байгууллаа. Санал асуулгат нийтдээ 10 мянга гаруй хүн оролцсон бөгөөд санал асуулгат оролцсон нийт иргэдийн  85 гаруй хувь нь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжсэн байна. Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг цэгцлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг НИТХ-ын 2010 оны тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д хэрэгжүүлэхээр баталсан юм.  Нийслэлээс санаачилж байгаа энэхүү төслөөр Далан давхар буюу “Самбалхүндэв”- ийн оршуулгын газрын 137 га газрыг цэвэрлэн, орон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн шинэчилнэ. Төслөөр “Далан давхар”-ын оршуулгын газарт гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, он удаан жил болсон хуучин шарилуудыг мэргэжлийн баг ухан чандарлан, дурсгалын цогцолбор барих, гэрэлт суварга болон бусад суварга барьж чандрыг дотор нь залахаар төлөвлөөд байгаа юм. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд Концесийн уралдаан шалгаруулах комиссын хуралдаанаар энэ асуудлаар мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тиймээс нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас шашины байгууллагын төлөөлөл, ШУА-ийн эрдэмтэд болон Эрүүл мэнд, байгаль орчин, Ногоон хөгжлийн газар зэрэг байгууллагуудын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлэг маргааш буюу Пүрэв гарагийн 14:00 цагт нийслэлийн Иргэний танхимд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  





АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш