Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 8 дугаар сарын 9-ны баасан гарагт болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаа өнөө үед улсын төсөвт байгууллагуудын гадаад улс орнуудтай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хүлээн авах болон дамжуулах, төлбөр гүйцэтгэх тогтолцоонд шинэчлэл хийх шаардлагатай болоод байна. Засгийн газрын 205-р тогтоолоор батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-д гадаад төлбөр тооцоог банкаар дамжуулан хийх харилцааг зохицуулсан заалт байхгүй байсан. Иймд Улсын төсөвт байгууллагуудын гадаад төлбөр, тооцоог Монголбанкинд байрших Сангийн яамны хөрвүүлгийн дансаар дамжуулснаар гадаад төлбөр тооцоог ажлын 2-3 өдөрт гүйцэтгэж байсан нь ханшийн зөрүү үүсэх, хугацаа алдах зэрэг учир дутагдлыг дагуулж байлаа.
Олон улсын зээл, тусламжийн хүрээнд хийгдэж байгаа төсөл арга хэмжээнүүд өнөөг хүртэл Төрийн санд төвлөрөөгүй, арилжааны банкуудаар дамжуулан гүйцэтгэгдэж байгаа нь төсвийн хяналтыг сулруулж байгаа тул Олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудаас тавьсан хүсэлт, Төсвийн тухай хуулийн заалтуудыг үндэслэн Төрийн сангийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулжээ.
Энэхүү журмыг шинэчлэн боловсруулснаар гадаад төлбөр тооцоог боловсронгуй, түргэн шуурхай, ханшийн эрсдэл багатай, төсөвт байгууллагын зардлыг бууруулах ажлын хүрээнд хамтран ажиллах саналыг 7 банкинд хүргүүлж, хамгийн бага үнийн санал, цахим үйлчилгээг санал болгож ирүүлсэн банктай туршилтын ажлыг 7 дугаар сарын 1-ээс эхлүүлсэн байна. Туршилтаар төлбөрийн шат дараалал багассан, гадаад төлбөр өдөртөө багтан төлбөр хүлээн авагчийн дансанд шилжих болсон, үйчилгээний зардал 30 хүртэл хувиар буурсан зэрэг олон эерэг үр дүн гарч эхэлсэн байна.