Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар манай улсад албан ёсны айчлал хийж буй ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чан УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзлаа. Уулзалтад УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, НББСШУ-ны Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн М.Батчимэг, С.Одонтуяа, Г.Уянга, С.Ганбаатар болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт У, ЭМЯ-ны газар хэлтсийн дарга нар оролцов.
“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бүх нийтийн хамралт Монгол Улсад” сэдвээр болсон энэхүү уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг өнгөрсөн хугацаанд тус бүлгийн санаачлагаар хийгдсэн ажлуудын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр амаржих газруудын нөхцөл байдлыг сайжруулах санаачлагын хүрээнд төрөлтийн үеийн нэг удаагийн багцыг үйлчилгээнд нэвтрүүлэх төсвийг УИХ-аар батлуулсан. Мөн Тамхины хуулийг хэрэгжүүлж эхэлснээр иргэдийн талархлыг хүлээгээд байгаа. Одоо архины хэрэглээг хянах Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын санаачлагыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа гэдгээ илэрхийлж байлаа. Түүнчлэн хотын орчныг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхээр Засгийн газарт тодорхой саналууд гаргасан талаар онцлон дурдсан. Мөн хугацаанд эмэгтэй гишүүд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг ялангуяа эрүүл мэндийн дэд бүтцийг сайжруулахад нэмэгдүүлэх, цэцэрлэг, сургуулийн тоог нэмэгдүүлэх, эдгээр асуудлыг шийдэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар санаа тавьж ажиллаж байгаа хэмээлээ.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Монголын нийт хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадын эрх ашгийг хамгаалах ажлыг гол зорилго болгон ажиллаж байгааг ч дуулгасан. ДЭМБ-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чан УИХ дахь эмэгтэй гишүүдийнхээ тоог нэмэгдүүлж чадсанд баяр хүргээд хүн амын эрүүл мэндийн төлөө хийсэн ажил, тулгамдаж байгаа асуудлаа илэн далангүй ярьж байгаад талархал илэрхийлсэн. Тэрээр хэлэхдээ, “ДЭМБ танай болон бусад улс орноос суралцах, туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахыг ямагт эрмэлзэж ирсэн. Энэ удаа ч Монгол оронд тийм зорилготой ажиллаж байна. ДЭМБ-ын гишүүн орнуудын дотроос Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө сүүлийн жилүүдэд сайн үзүүлэлттэй яваа. Эдийн засгийн өсөлт нь одоо ч хадгалагдсаар байна. Харин эдийн засгийн өсөлтийн энэ ололт амжилтыг хүн амын эрүүл мэндийг сайжруулах хөшүүрэг болгох нь хамгаас чухал гэдгийг хэлэхийг хүсэж байна” гэв.
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чанд хандан төрөөс дархлаажуулалтын санхүүжилтыг хариуцах болж байгаатай холбогдуулан төсвийн хүндрэл үүсэхийг үгүйсгэх газаргүй, тиймээс хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал хүчин зүйл болсон дархлаажуулалтын тогтолцоог боловсронгуй болгоход ДЭМБ-ын зүгээс өнөөдрийг хүртэл үзүүлж ирсэн дэмжлэг, техник туслалцааны бодлогоо Монгол Улсад үргэлжлүүлэн хэрэгжүүлж байхыг хүссэн бол, УИХ-ын гишүүн, Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн дарга С.Одонтуяа, эрүүл мэндийн салбартаа эрх зүйн шинэчлэл, санхүү, хөрөнгө оруулалт, хүний нөөцийн шинэчлэлийг хийхээр ажиллаж байна гээд үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарт сэтгэхүйн шинэчлэл хийх шаардлагатай байгааг хэллээ.
Өнөөдрийн уулзалтад эмэгтэй гишүүдийн хамт оролцсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар хатагтай Маргарет Чанд ДЭМБ хэмээх том байгууллагыг амжилттай, үр дүнтэй удирдан авч яваад нь баяр хүргэж, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газраас Монгол Улсын Засгийн газартай мөн үр дүнтэй нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглэв. Тэрбээр, эдийн засгийн өсөлтийг даган гарч ирж байгаа байгаль болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг хүчин зүйлүүдийг анхаарах шаардлагатай байгаа гээд Монгол Улсад хүн өөрөө эрүүл мэнддээ хяналт тавих боломжгүй, харин өмнөөс эрх баригчид асуудлыг нь шийдэж, хөрөнгийг нь зохицуулахад хэт их оролцоотой байгаа нь гаж тогтолцоо болоод байгааг онцлов.
УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, Ерөнхий захирлыг эрүүл мэндийн салбарт 35 жил зүтгэж яваа баялаг туршлагатай хүний хувиар манай эрүүл мэндийн салбарыг өөрчлөхөд зөв хандлага тогтооход үнэтэй хувь нэмэр оруулна гэж бодож байгаагаа хэлсэн бол гишүүн Г.Уянга, өнөөдөр дэлхий нийтийг хэрсэн эм, эмнэлгийн хэрэгслийн хатуу, харш бизнесийн нөлөө Монгол оронд ч хүчтэй байгаад санаа зовж явдаг, үүний сөрөг нөлөөг бууруулах талаар ДЭМБ хамтран ажиллана гэдэгт найдаж байна гэлээ.
УИХ-ын гишүүн, БОНХ-ийн сайд С.Оюун орчны эрүүл ахуйг сайжруулах, тэр дундаа хүн амын тэн хагас нь төвлөрсөн Улаанбаатар хотын орчны асуудал, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар хийж байгаа ажилд ДЭМБ-ын анхаарлыг хандуулахыг хүслээ. УИХ-ын гишүүн М.Батчимэг, Монгол орон цаашид уул уурхайдаа түшиглэн хөгжих нь тодорхой, харин уул уурхайгаас хүний эрүүл мэндэд хэдийнээ сөрөг нөлөө үзүүлээд эхэлснийг цаашид хэрхэн шийдэх талаар гарцууд олох хэрэгтэй байгааг онцлон ярилаа.
Ийнхүү өнөөдрийн уулзалтаар Монгол Улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийн даатгалын хамралт, эрүүл мэндийн салбарын санхүүжилт ямар түвшинд байгаа талаар мөн энэ чиглэлээр тулгамдаж байгаа асуудлуудын талаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн төлөөлөл ДЭМБ-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чантай илэн далангүй ярилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар түүний үнэтэй санал, зөвлөмжийг сонсож, хүлээн авсан юм.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн санал бодлыг сонсны дараагаар хатагтай Чан хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбар гэдэг зөвхөн яам, эмч нарын асуудал биш юм. Хэдийгээр энэ хоёрын гүйцэтгэх үүрэг чухал ч бодлогын олон асуудлыг цогцлоох хэрэгтэй болдог. Эрүүл мэнд гэдэг бол улсын төсөв, боловсрол, байгаль орчин гээд салбар бүрээс шууд хамааралтай байдаг. Энэ удаагийн парламентад олон эмэгтэй гишүүн байгаад дахин баяр хүргэмээр байна. Та бүхэнд эрх мэдэл нь байна. Аль ч яам, Засгийн газар өөрсдийн хамрах хүрээгээр асуудлыг явцуу хардаг тал ажиглагддаг. Өнөөдрийн уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байгаад би хувьдаа талархалтай байна. Хамтын бодлого чухал шүү. Засгийн газар иргэдтэйгээ эргэх холбоотой ажилласнаар маш том амжилтад хүрч болно. Мөн танай улсын хувьд ор эмчилгээг түлхүү дэмжиж байна уу даа гэж харагдаж байгаа. ДЭМБ-аас ирэх есдүгээр сард эрүүл мэндийн даатгалын тухай олон улсын хурлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Тиймээс энэ хурлаас бусад орны туршлагаас судлах боломж бий. Иргэд төрөөс үнэгүй үйлчилгээ авахыг хүсдэг. Иргэдийн юу хүсч байгааг, ямар үйлчилгээ шаардагдаж байгааг тодорхойлохын тулд маш сайн мониторинг, үнэлгээний системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Даатгалын тогтолцоог ажиллуулах байгууллага хараат бус байх учиртай. Бүх иргэдийн эрүүл мэнд, эрсдлийг даатгалаар хааж чадахгүй. Харин урьчилан сэргийлж, хамгаалах арга хэмжээ авах боломжтой байдаг. Анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж байж эрүүл мэндийн тогтолцоо амжилтад хүрнэ. Эмч өвчтөндөө хайр халамжийг мэдрүүлэх хэрэгтэй. Тэгэж байж өвчтөн эмчид итгэл үзүүлдэг. Зарим өөрчлөлт хурдан хугацаанд гардаг ч ялангуяа хүний зан харилцааны өөрчлөлт цаг хугацаа шаарддаг. НҮБ болон ДЭМБ-гаас хөрөнгө оруулалтын мөнгө гэхээсээ илүүтэйгээр үр дүнг голлон анхаарч байгаа. Тоног төхөөрөмж чухал ч түүнээс илүү зөв оношлогоо хийх нь илүү чухал. Зөв онош тавихын тулд чадварлаг мэргэжилтэн хэрэгтэй. Мөн чанартай сайн эм хэрэглэх хэрэгтэй. Ингээд үзвэл шат дараалан шинэчлэлийг зөв хийж болно” гэв.
Харин ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Др Су Нюунт У хэлэхдээ, “ Бид удахгүй байгаль орчинтой холбоотой эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ерөнхий захирлын айлчлалын хүрээнд донор байгууллагуудтай хэрхэн хамтрах талаар ярилцах болно. УИХ-ын эмэгтэй гишүүдтэй ч энэ чиглэлээр хамтран ажиллахад хэзээд бэлэн байгаа “ хэмээн хэллээ.