ДЭМБ-ын Ерөнхий ерөнхий захирал Др Маргарет Чан айлчлалынхаа эхний өдрөө Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд зочиллоо. Тус төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөр эмнэлгийнхээ талаар товч танилцуулга хийв.
Үүний дараагаар хатагтай Чан хэлэхдээ, “Би энд сувилагчдыг онцлохыг хүсч байна. Хүний амь нас, эрүүл мэндийг аврахад сувилагч хүний үүрэг их байдаг. Би Канадад эрүүл мэндийн сургуулиа төгсөөд Хонгконгд ирэхдээ хүүхдийн эмчээр ажилласан. Тэр үед туршлагатай сувилагчид шинэхэн эмчид ямар их тусладаг вэ гэдгийг мэдэж авч байлаа. Хүүхэд тэр дундаа нярайд асаргаа их шаарддаг учраас сувилагч хүн хүүхдийн эцэг эхэд сайн зөвлөгч байх хэрэгтэй” хэмээгээд танай улсын хувьд нярайн эндэгдэл буурч байгаа нь сайшаалтай. Цаашид ч бүр илүү бууруулах боломж байгааг хэлэхэд таатай байна гэв.
Мөн тэрээр хэлсэн үгэндээ өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсад эмнэлгийн тусламж үзүүлэхэд хүндрэлтэй. Хөдөө орон нутагт ихэнх айл өрх эмнэлгийн тусламж үзүүлэх нэгжээсээ хэт алслагдмал байдаг нь нярайн эндэгдэл гарах нэг шалтгаан болж байна. Тиймээс энэ чиглэлээр ДЭМБ-аас салбарын яамтай хамтран яаж шийдвэрлэх талаар ярилцах болно гэдгээ онцолсон.
Манай улсын нярайн эндэгдлийн дийлэнхийг эрт нярайн эндэгдэл эзэлдэг байна. Иймээс ЭХЭМҮТ- ДЭМБ-тай хамтран ЭХЭМҮТ-ийн дэргэд Нярай судлалын төв /Перинотологи/ байгуулахаар ажиллаж байна. Мөн тус төвийг Бүсийн сургалт, судалгааны төв болгох зорилтыг тавьжээ. Нярайн төвийн хүчин чадлыг сайжруулснаар ургийн гажиг, нярайд үзүүлэх тусламжийг эрчимжүүлэх зэрэг олон давуу талтай болох юм. ДЭМБ-аас ЭХЭМҮТ-тэй хамтран нярай судлалын чиглэлээр сургалт, судалгаа хийж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц өндөр түвшний нарийн мэргэжлийн эмнэлгийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг төв болно гэдэгт итгэлтэй байгаагаа ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан илэрхийллээ.