logo
Ойрад судлалын олон улсын эрдэмтдийн цугларалт Увс аймагт боллоо

Ойрад судлалын олон улсын эрдэмтдийн цугларалт Увс аймагт боллоо

2013/08/14

Увс аймгийн засаг даргын Тамгын газар, Түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл төв”-тэй хамтран долдугаар сарын 26-ны өдрөөс наймдугаар сарын 5-ны хооронд нэрт Монгол судлаач эрдэмтэн А.В.Бурдуков мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан Ойрад судлалын олон улсын эрдэмтдийн цугларалтыг зохион байгууллаа.

  Уг үйл ажиллагаанд ОХУ-ын Халимаг Улсын их сургууль, Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн, ОХУ-ын Тува улсын Хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн,  БНХАУ-ын Шинжаан, Уйгарын Өөртөө Засах Орны Улсын их сургууль, Ганьсугийн Баруун хойт Үндэсний их сургууль, Шинжааны Ойрад судлалын нийгэмлэг, МУИС, Боловсролын Их сургууль, СУИС, Ховд их сургууль зэрэг 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцлоо.

Судалгааны баг хамт олон Хяргас, Малчин, Наранбулаг, Улаангом, Сагил, Түргэн сумын нутагт арван хоногийн турш судалгаа хийсэн байна.

  Энэхүү ажлын гол зорилго нь түүхэн улбаатай монголчууд тэр дундаа Увс аймгийн дөрвөн ойрад түмэн болох баяд, халх, хотон, дөрвөд түмний аж ахуй, соёлын уламжлалыг гадаад дотоодын судлаачдад танилцуулахын хамтаар эрдэмтдийн ЭШ-ний бага хурал болж санал солилцох боломж бүрдүүлэн, судалгааг хөгжүүлэх талаар ажилласан юм.Баядын 11 хошууны зургаан хошуугаар явсан бөгөөд нийт эрдэмтдийн ная гаруй хувь нь доктор, дэд профессорууд уг судалгааг хийсэн байна.

  Эрдэмтэн судлаачдад аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэх уулзалтад Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн хэлэхдээ:

-“Олон газрын ойрадууд оролцсон энэхүү хүмүүс нь биднээс салж сарнисан ахан дүүсийн уулзалт юм. Би их сайхан дуу сонсож байсан Шинжааны радиогоор явдаг тэр дууны үгэнд “Ах дүү саднаа гээд хүрээд ирдэг ямар сайхан сэтгэл вэ? Байнга ирдэг бол сайхан даа” гэсэн үг санаанд орж байна. Түүхээ дурсаж, ах дүү саднаа судалж болдоггүй, хилийн цаана байгаа элэг нэгт ахан дүүсээ монгол гэж хэлэх хориотой тийм л цаг үе бидэнд байсан. Ардчилсан хувьсгал ялснаас хойш үүх түүхээ судалж, өвөг дээдсээрээ бахархах боломж бидэнд олдсон. Монгол улс маань хөгжиж байгаа энэ үед түүхээ сайн мэдэж байх ёстой. Түүхэн улбаатай монголчуудын алдаатай оноотой үеийг сэргээж, олон нийтэд таниулах, тэр дундаа Увс аймгийн дөрвөн ойрад түмний аж амьдрал, ахуй соёлыг судалж байгаа эрдэмтэн судлаачиддаа талархаж байна” гэв.

  Увс аймаг нь ойрад монголчуудын гал голомт, бөөнөөрөө оршин суудаг газар нутаг бөгөөд угсаатны өв соёлоо хадгалан үлдсэн өвөрмөц соёлтой бүс нутаг юм. Олон зууны туршид хадгалж хамгаалж ирсэн соёлоо дэлхий нийтэд болон тархан сууршиж буй бусад монгол угсаатнуудад таниулан сурталчилж, хүн ардынхаа түүх соёлын мэдрэмжийг дээшлүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх чиглэлтэй зохион байгуулагдсан юм. Цаашид мэргэжлийн судлаачидтай хамтран илүү дотно ажиллах бөгөөд дуу хөгжим, бичиг үсэг, аман зохиол гэх мэтээр судалгаагаа үргэлжлүүлэх аж.

Оросын худалдаачин А.В.Бурдуков нь баруун монгол буюу баядын хошуу нутагт 20 гаруй жил амьдарч худалдаа эрхлэхдээ Монгол хэл сурч Оросын эрдэмтэдтэй холбоо тогтоон Ховд, Киргиз, Ижил мөрний ойрад гэх мэт монголчуудын түүх соёл, аж төрөх ёсыг шинжлэх ухаанд нэвтрүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэжээ.

  Энэхүү ажлын төгсгөлд “Онцын тасархай” жуулчны бааз Увс аймгийн Түргэн сумын нутаг Хиргэнэ хэмээх газарт “Ойрад Түмэн” баруун монголын язгуур урлагийн их наадам, хүүхдийн бэсрэг наадмыг 2005 оноос хойш өнөөг хүртэл хийж жил бүрийн наймдугаар сарын эхээр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Монгол туургатныхаа мартагдсан, мартагдаж буй өв соёл, урлагийг язгуур утгаар нь сэргээх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой уг наадам нь Ойрад түмний олон зуун жилийн туршид хадгалж, хамгаалж ирсэн хөөмий, бий биелгээ, морин хуур, иклийн татлага, товшуур, тууль хайлах зэрэг язгуур урлагийн төрлүүдийг хөгжүүлэх соёлын томоохон үйл ажиллагаа юм.

  Уг наадамд үзэж сонирхохоор очсон ойрад судлалын эрдэмтэд баяд, дөрвөд, хотон, халх, захчин, өөлд, урианхай, торгууд ястнуудын соёл урлаг, ахуй амьдрал, ёс заншлаа бий биелгээгээрээ илэрхийлж байхыг сонирхон үзсэн судлаачид монголын ахуй соёлтой танилцаж, баяр хөөртэй, сэтгэл хангалуун эх нутагтаа буцсан юм.

П.Дариймаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш