Малчин сумын Цалгарын хүрээг сэргээн “Гандан рааш даржаалан хийд” байгуулсаны 20 жилийн ойг наймдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэлээ. Увс аймгийн ЗД Д.Цэндсүрэн ойн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Малчин сумын Цалгарын хүрээ 240 гаруй жилийн түүхтэй баядын хошууны шашин, соёлын төв, үндэсний соёл, уран барилгын гайхамшигт дурсгалт өв гэдгийг онцлон тэмдэглэв. Түүнчлэн 1930 оны дунд үеэс цэвүүн цаг эхэлж Монгол орон даяар өрнөсөн их хэлмэгдэл “Цалгарын хүрээг тойрч өнгөрөөгүй бөгөөд эрдэмт 50 гаруй ламыг хилсээр буудан хороож,шашин хурлыг зогсоож, ном судар, бурхадыг эвдэн сүйтгэж хаасан байдаг. Цэвүүн цагийн эхэнд тус хийдийн гурван залуу лам салдангуудын Бандийн Санж, Чоноонхон овгийн Бор Ёндон, Нуураанхан овгийн Сэтгэний Санж нар хийдийнхээ хаалгыг хааж “Сайхан цаг устлаа гурваалаа диваажинд уулзъя” гээд салцгаасан гэдэг. Дотоодыг хамгаалах газрынхан Цалгарын хийдийн барилгыг хураахаар ирэхэднутгийн иргэд ноос хадгалах агуулах болгон гэж хуурч нураалгалгүй авч үлдсэн нь баруун таван аймгийн ганцхан бүтэн үлдсэн дурсгал юм. Мөн монголын алтан ургын хаадыг баядуудаас гэрлүүлж, төрийг хатан ухаанаар түшүүлж байсан гэдэг. Буурал түүхийн хэлхээс болсон Монгол түмний халуун цус, дөрвөн ойрадын үр сад, арван баяд түмэн олны минь буян заяа, цог хийморь мандан бадарч байх болтугай” хэмээв.
Ойн арга хэмжээний хүрээнд сүсэгтэн олонд зориулсан буяны ном хурж, аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан, урлагийн тоглолт, хурдан морьдын уралдаан болж өрнөлөө.
Хийдийг шинээр сэргээн босгосны 20 жилийн ойн баяраар эрхэлсэн ажилдаа хөдөлмөрийн амжилт гарган ажиллаж байгаа Б.Санжийн үр хүүхэд, Б.Чимэд, С.Эрдэнэсүх, н.Пэрэнлэй нарыг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, гэлэн Ц.Цэцэнхүүг аймгийн засаг даргын “Өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшууллаа.
П.Дариймаа