logo
Хуульчдын анхдугаар их хурал 2013 оны 9 дүгээр сарын 5-нд болно

Хуульчдын анхдугаар их хурал 2013 оны 9 дүгээр сарын 5-нд болно

2013/08/16

Хуульчдын холбоог байгуулах Хуульчдын анхдугаар их хурлыг 2013 оны 9 дүгээр сар 05-ны өдөр товлолоо. Энэхүү их хурлаар Холбооны дүрэм батлах, Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох, Ерөнхийлөгчийг сонгох, Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батламжлах гэх мэт асуудлуудыг шийдвэрлэнэ.

 Их хурлын төлөөлөгчийн сонгууль цахим хэлбэрээр явагдана

Их хуралд нийт 500 хүртэл төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгчид үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдын төлөөлөл байна.

 Хуульч нь Холбооны гишүүний хувьд тэгш эрхтэй учир төлөөлөгчийг сонгох ажиллагаа ч энэ зарчимд нийцэж явагдах ёстой. Тиймээс төлөөлөгчдийг тэгш эрхийн үндсэн дээр шударга, ил тод, ардчилсан зарчмуудыг хангасан байдлаар тодруулахын тулд Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчийн сонгох сонгуулийг цахим хэлбэрээр буюу интернэтээр явуулахаар шийдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл төлөөлөгчид нэр дэвших, санал өгөх бүх ажиллагаа Хуульчдын нэгдсэн мэдээллийн санд байрлах санал хураалтын цахим системээр дамжуулан явагдана. Хуульчийн нэгдсэн бүртгэлд хамрагдсан бүх хуульчид уг сонгуульд оролцон нэрээ дэвшүүлэх санал өгөх эрхтэй. Хуульч нь нэгдсэн бүртгэлд үндэслэсэн цахим хувийн бүртгэлдээ нэвтрэн нэр дэвших, санал өгнө. Хувийн бүртгэлийг нэр дэвшилт эхлэх 19-ны өдөр идэвхжүүлэх бөгөөд нэвтрэх нууц үгийг 18-ны өдөр хуульч бүрийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн гар утасны дугаарт явуулна.

Хуульчдын анхдугаар их хурлын төлөөлөгчид нэр дэвшилт 2013.08.19-23-нд, санал хураалт 2013.08.27-ны 09.00 цагаас 30-ны 22.00 цаг хүртэл болно.

 Хуульчдын анхдугаар их хурлын талаар болон хурлын төлөөлөгчдийн сонгуулийн талаар www.legalinfo.mn цахим хуудаснаас, мөн 319144 дугаарын утсаар лавлах, түүнчлэн 8 дугаар сарын 14-23-нд 13:00, 17:00 цагуудад, 17-18-нд 13:00, 15:00 цагуудад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болох Мэдээллийн цагт хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ажээ.

 

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш