Газар дээр нь хүйтнээр дахин боловсруулах технологийн үзүүлэх сургалт 2013 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Налайх-Багануурын уулзвараас Агуйтын хөтөл хүртэлх 24,1км авто замын шинэчлэлийн ажил хийгдэж буй замд боллоо. Тус үзүүлэх сургалтыг Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсээс санаачлан Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төв, “Замын битум”ХХК,”Хера экьюпмент”ХХК-иуд хамтран зохион байгууллаа.
Энэхүү үзүүлэх сургалтаар хүйтнээр дахин боловсруулах арга технологи, түүнд тавигдах техникийн шаардлага, стандарт, ашиглагдах шинэ техник, тоног төхөөрөмжүүд, шинээр туршиж байгаа Duosolid хөрсийг бэхжүүлэх бодисын талаар танилцуулахаас гадна “Замын битум”ХХК-ийн ажиллагсадын хээрийн байр, сууц, хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй ажиллагаа, талбайн ажлын болон лабораторийн хяналтыг хэрхэн гүйцэтгэж байгаа болон хүйтнээр дахин боловсруулах технологийн ажиллагааг газар дээр нь үзүүлсэн арга хэмжээ боллоо.
Энэ жилийн газар дээр нь хүйтнээр дахин боловсруулах технологийн үзүүлэх сургалт нь урд жилүүдийн үзүүлэх сургалтаас онол практикийн сургалт зэрэг явснаараа онцлог болсон юм. Үзүүлэх сургалтанд зохион байгуулагч ЗТЯ, АЗХЭШСТ, ”Замын битум”ХХК, ”Хера экьюпмент” ХХК-ийн удирдах ажилтан, мэргэжилтнүүдээс гадна Олон улс, улсын чанартай зам хариуцагч 22 авто замын засвар арчлалтын компанийн дарга инженерүүд, Хөгжлийн банкны авто зам хариуцсан мэргэжилтнүүд, зам барилгын гүйцэтгэгч компаниудаас нийт 133 хүн оролцож шинэ технологийн талаар санал бодлоо солилцлоо.
Үзүүлэх сургалтанд оролцогчид Цонжинболдогийн Их эзэн Чингис хааны хөшөө болон доторхи Алтан ташуур музейг үзэж дурсгалын зураг татуулав. Тус замаас гадна газар дээр нь хүйтнээр дахин боловсруулах технологийг Налайх-Тэрэлж чиглэлийн 30,2км зам, Элсэнтасархай-Арвайхээр чиглэлийн 40 км замуудын шинэчлэлтийн ажилд ашиглаж байна. Тус үзүүлэх сургалтын үйл ажиллагааг телевиз, хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр олон нийтэд сурталчилж ажиллалаа.